Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж дууссан, удахгүй УИХ-д өргөн барина" гэж мэдэгдсэн.
-ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ХҮМҮҮС НЬ 48 ЦАГИЙН ӨМНӨ ХАРЬЯА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭХЭД Л БОЛНО-
Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нэрийг өөрчилж Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль болгосон байна. Тэгвэл эл хуулийг шинэчлэн найруулахдаа ямар өөрчлөлтүүдийг оруулсан талаарх мэдээллийг хүргэе. Манай улс анх 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай болсон. УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх баталсан бөгөөд түүнээс хойш нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, 2006 онд Сүхбаатарын талбайд хоноглох, гэр, майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалт нэмсэн, 2015 онд жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, гэхдээ хариу заавал авах зохицуулалттай болгосон, 2015 онд Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өөрчлөлт оруулсан, 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хориглох хүрээг өргөжүүлсэн агуулгаар өөрчилсөн, 2014 онд жагсаал, цуглааныг албадан тараах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын цэргийн нэмэлт хүч хэрэглэхээр заасныг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас дэмжлэг авч болох тухай, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр жагсаал, цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг бичгээр хүргүүлэх, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хориглох байршлыг төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс байхаар нэмсэн зэрэг өөрчлөлтийг тус тус оруулсан байдаг.
Дээрх нэмэлт, өөрчлөлтүүдээс харахад бүхэлдээ үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хязгаарлах чиглэлээр, албадан тараах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлсэн агуулгаар шинэчлэгдэж ирсэн гэж үзэж болохоор байна. Өнгөрсөн парламентын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж, иргэдээс саналыг нь хүртэл авсан ч хэлэлцүүлж чадалгүй дараагийн парламентын хугацааг эхлүүлсэн. Тиймээс хуулийн дагуу дээрх хуулиудыг хууль санаачлагчдад нь буцаасан. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулж байсан шинэчилсэн найруулгын аль алинд нь жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авдгийг болиулах зорилготой байлаа.
Тэгвэл энэ удаагийн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулинд иргэд, олон нийтийн байгууллага, улс төрийн нам эвсэл, хүчин жагсаал цуглаан хийх шаардлагатай гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ.
Ингэснээр зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болжээ. 48 цагийн өмнө мэдэгдэх нь олон улсын нийтлэг жишиг юм. Тухайлбал, тус хуулийн 8.2-т, зааснаас бусад газарт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлнэ гэжээ. Учир нь жагсаал цуглаан хийх үеэр бусад иргэний болон нийтийн аюулгүй байдал алдагдах ёсгүй. Цагдаагийн байгууллага жагсаал цуглаан хийж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэх учир ийнхүү тусгажээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэхдээ гурван өдрийн өмнө Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийг бүртгэсэн эсэх хариуг Засаг дарга мөн ажлын гурван өдрийн дотор өгдөг. Хэрэв Засаг дарга бүртгэхээс татгалзвал жагсах эрхгүйн дээр тэр тохиолдолд жагсаал зохион байгуулах гэж буй хүмүүс шүүхэд хандах эрхтэй юм. Харин шүүх ажлын зургаан өдрийн дотор Засаг дарга татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх ёстой. Үүнээс харвал мэдэгдэл хүргүүлэхээс эхлээд жагсаал, цуглаан хийх хүртэл нийт ажлын 9-14 хоногийг зарцуулахаар байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ заалтыг ашиглан тухайн дүүргийн Засаг дарга нар сүбьектив хандлага гаргах тохиолдол их байсан юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг ЭНД дарж унших. Тэгвэл дээрх бүхнийг дээрх хуулиар хориглож өгчээ.
-ЖАГСААЛ ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ТҮҮНД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙН ХЭНИЙГ Ч МӨРДӨН МӨШГИХ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ХЯЗГААРЛАХЫГ ХОРИГЛОНО-
Мөн гадаад улсын иргэнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж буй жагсаал, цуглаанд оролцох эрхийг нээж, жагсаал, цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хоригложээ. Эргэн сануулахад, 2022 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд олон хоног үргэлжилсэн Нүүрсний гэх жагсаалыг албадан тараах захирамжийг тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар гаргаж байлаа.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан шинэчилсэн найруулгад жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, эмх замбараагүй байдал үүсгэх, хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг албадан тараах мөн хязгаарласан агуулгатай захиргааны хэм хэмжээний акт баталж, мөрдүүлэхийг хоригложээ.
Мөн төлбөртэй жагсаж байгаа, улс төрчдийн захиалгаар зорилготой жагсдаг хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх асуулт олон нийтийн дунд их бий. Тэгвэл тус хуулийн 7.8-д Бусдыг жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцуулахын тулд эд мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр албадахыг хориглож өгчээ.
Жагсаал цуглааныг зохион байгуулагч болон оролцогч нь жагсаал, цуглаан хийх газарт нийтийн хэв журмыг сахих, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл, химийн хорт болон аюултай, тэсэрч дэлбэрэх бодис, шатах, тослох материал, орчиндоо аюул учруулж болох амьтныг авч явахгүй байх, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, нийтийн эзэмшлийн газар, түүх, соёлын дурсгалт зүйл, бусдын эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх, жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх, замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх өөрөөр хэлбэл зам дээр жагсахгүй байхыг хуульчиж өгчээ. Эдгээрийг зөрчсөн бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх нь.