Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2022 онд ОХУ-тай "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" хийсэн. Энэ хэлэлцээр нь алсдаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эхлэл байсан бөгөөд энэ ажлыг Л.Гантөмөр, С.Амарсайхан нар үргэлжлүүлж, тус холбоонд Монгол Улсыг түр элсүүлэх гэж оролдсон нь өнгөрсөн өдрүүдэд бизнесийнхэн болоод УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулахад хүргэв.
-С.АМАРСАЙХАН "БИ ЭНЭ АЖИЛД ОГТ ОРОЛЦООГҮЙ. ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ, Л.ГАНТӨМӨРИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ" ГЭЖЭЭ-
Тэд энэ гэрээнд энэ сарын 21-ний өдөр Москвад гарын үсэг зурахаар төлөвлөөд байсан. Хамгийн ноцтой нь Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх ажлыг хоёр жилийн өмнөөс маш нууцаар эхлүүлж, бүх түвшинд хав дарж байсан нь төгсгөлдөө ил болж, олон нийтийн бухимдуулсан ньэнэ юм.
Нийгмийн бухимдлыг, УИХ-ын гишүүдийн эсэргүүцлийг давж чадахгүйгээ мэдэнгүүт өчигдөр /2014.12.17/ Шадар сайд С.Амарсайхан бизнесийнхнийг дуудаж уулзан, "Би энэ ажилд огт оролцоогүй. Эдийн засаг хөгжлийн яам, Л.Гантөмөрийн л хийж байгаа ажил" гэх агуулгыг хэлжээ.
Мөн тэрбээр сайн нэр зүүхийн тулд маргаашийн /өнөөдрийн / Засгийн газрын ээлжит хуралд Евразийн эдийн засгийн холбоотой хийх түр гэрээг хойшлуулах саналыг танилцуулна гэсэн байна. Энэ дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тус холбоотой хийх түр гэрээг хойшлуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Амарсайханы сайнд биш дотоодын аж, ахуй нэгжүүд болон УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхлэнгүүт л Засгийн газраас "Манайхан эсэргүүцэж байна. Дахин нягтлах шаардлагатай. Хугацаа хэрэгтэй" гэх агуулга бүхий захидлыг Моксва руу явуулсан байна. Харин айлын тал уг захидалд хариу ирүүлээгүй бөгөөд үүнээс үл хамааран Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын түвшинд уг асуудлыг хэлэлцээд хойшуулах саналд нэгджээ. Үүнийг С.Амарсайхан өчигдөр бизнесийнхэнд уламжилсан гэсэн үг.
-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УТААНЫ АСУУДЛААР АЛБАНЫХАНТАЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ ХИЙХ ТҮР ГЭРЭЭГ ХОЙШЛУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДЖЭЭ-
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааны асуудлаар сайд, бүлгийн дарга нар болон холбогдох албаныхантай уулзах үеэрээ тус асуудлыг мөн хөндөөд "Энэ гэрээг хойшлуулах хэрэгтэй. Дотоодын аж, ахуй нэгжүүдтэй уулзаж хойшлуулж байгаа талаараа тайлбарла" зэрэг үүргийг С.Амарсайханд өгчээ.
Ерөнхийлөгч үүрэгдсэний дараа С.Амарсайхан ухаан орж, ажил хийдэг хүн болон бизнесийнхнийг дуудсан нь энэ аж. Евразийн эдийн засгийн холбоотой түр гэрээ хийх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлж, нууцаар энэ хүртэл үргэлжлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гурван бүлэг уулзалтыг хийсэн гэсэн үг. Угаас тус холбоотой гэрээ хийхэд дөрвөн бүлэг уулзалтыг шат дараатай дөрвөн жил дамнуулан хийдэг байна. Манай улсын хувьд хамгийн сүүлийн буюу дөрөв дэхь уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Моксвад хийж, түр элсэх гэрээнд гарын үсэг зурахаар байсан ч ийнхүү хойшлуулахаар болж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Евразийн эдийн засгийн холбооны уулзалт энэ сарын 21-нд болдгоороо болно, манайх оролцоно гэхдээ гэрээнд гарын үсэг зурахгүй гэдэгт эхний байдлаар санал нэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус холбооны уулзалт нь жилд нэг удаа болдог учир түр гэрээнд нэгдэх асуудал нь тэр хэрээр нэг жил хойшилж байна уу гэх таамаг байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас түр гэрээний төслийг боловсруулсан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэн соёрхон батлуулах хуультай. Гэхдээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсан тэд төслөө ч танилцуулалгүй хойшлуулсан нь энэ аж.
Учир нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байсан. Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэх юм. Тус хэлэлцээрийн цаана ОХУ нь олон улсад хоригтой учраас зарж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ Монгол руу шахах гэж байна гэх хардлагаас өөр бодитой үндэслэл алга. Манай улс мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэх нь. Цаашлаад энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм. Уг нь манай улс 19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв. Үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс үзвэл худалдааны тэнцэл илүү нэмэгдэхээр байгаа юм.