Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хагалгаанд орсон учир Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хийсэн уулзалтад ирж чадаагүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хагалгаанд орсон учир Ерөнхийлөгчийн утааны асуудлаар хийсэн уулзалтад ирж чадаагүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2024.12.16/ Засгийн газрын сайд, УИХ дахь намын бүлгийн дарга нар болон бусад албан тушаалтнуудыг дуудан уулзаж, утааны асуудлаар үүрэг чиглэл өгсөн. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ерөнхий сайд хүндэтгэх шалтгаантай учраас ирж амжаагүй байна. Уг нь Ерөнхий сайд ирсэн бол зүгээр байх байсан юм. Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ одоо та бүхэн ажилдаа орцгоо. Салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй байна. Найраан дундаа ороод, явж явж найрааны Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй за. Эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар хазаараа татацгаа. Гаргасан амжилтаасаа бид өнөөдөр яагаад ухрав гэдэг л асуудал байна. Яагаад гурван жил утаагүй байж чадсан мөртлөө одоо ийм байдалд орчхов. Нүүрсний утаа, хариуцлагагүйн утаа хоёр нийлээд Улаанбаатарыг ингэж бүрхэж байгаа юм. Та нар хатаалт хийхгүй байгаа. Миний сонссоноор шахмал түлш 13 хувийн чийгшилтэй байна гэсэн. Бид нарыг ажиллаж байх үед наад чийгшил чинь 4-5 хувьтай байсан юм. Тэгээд наадах чинь орчиндоо нөлөөлж байгаа юм. Чи наад түлшнийхээ чанар дээр онцгой анхаар" гэсэн юм. 

Тус уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гадна Хотын дарга Х.Нямбаатар оролцоогүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ирээгүйд улс төрийн олон янзын дүгнэлтийг хэвлэлийнхэн хийж буй. Тэгвэл Ерөнхий сайд БНСУ-д хагалгаанд орж байгаа аж. Түүний хувьд хамарны хагалгаанд орж байгаа учир өчигдрийн  уулзалтад ирж амжаагүй гэх мэдээлэл байна. 

Гэхдээ түүнийг эзгүйд Ерөнхийлөгч эл уулзалтыг хийж, хэлэхээ хэлсэн нь мөн анхаарал татаж буй. Хотын дарга Х.Нямбаатарын хувьд мөн гадаадад томилолттой ажиллаж буй бөгөөд орондоо хоёрдугаар орлогч А.Амартүвшинг явуулсан юм. Агаарын бохирдлыг бууруулах ажлын гол зохион байгуулалтыг Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хийх ёстой. Гэтэл сүүлийн үед агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрчхээд байхад хэн ч шийдэл ярихгүй, төлөвлөгөөгөө танилцуулахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, утааг бууруулах ажлыг хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, эзэнгүй байгаа юм.