ШУУРХАЙ: "Евразийн эдийн засгийн холбоо"-той хийх түр гэрээнд энэ сарын 21-нд гарын үсэг зурах байсан ч УИХ-аас дэмжлэг авахгүй тул хойшлуулж магадгүй байна

ШУУРХАЙ: "Евразийн эдийн засгийн холбоо"-той хийх түр гэрээнд энэ сарын 21-нд гарын үсэг зурах байсан ч УИХ-аас дэмжлэг авахгүй тул хойшлуулж магадгүй байна

Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2022 онд ОХУ-тай "Чөлөөт худалдааны түр хэлэлцээр" хийсэн.  Энэ хэлэлцээр нь алсдаа Евразийн эдийн засгийн холбоонд элсэх эхлэл байсан бөгөөд одоо Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Л.Гантөмөр нар үргэлжлүүлж, В.Путины байгуулсан Евразийн эдийн засгийн холбоонд Монгол Улсыг түр элсүүлэх гэж байна. 

-ХУДАЛДАА АЖ, ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ УГ АСУУДЛААР САНАЛ АВЧ БАЙГАА НЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ НУУЦ ХУЙВАЛДААНЫГ ХИЙСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Тэд энэ гэрээнд энэ сарын 21-ний өдөр Москвад гарын үсэг зурахаар төлөвлөөд байж. Хамгийн ноцтой нь Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх ажлыг хоёр жилийн өмнөөс маш нууцаар эхлүүлж, бүх түвшинд хав дарж байсан байна. Эцэст нь тулгаж байж буюу өнгөрсөн долоо хоногт л хувийн хэвшлүүд болон олон нийтэд мэдэгдсэн нь өнөөдрийн шуугиан болж байгаа нь энэ юм. Хамгийн ноцтой нь хулгайгаар хийсэн энэ ажилд нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Худалдаа, аж үйлдвэрийн танхим оролцсон нь анхаарал татна.

Тодруулбал, тус байгууллага нь ОХУ-тай хийх "Чөлөөт худалдааны хэлэлцээр" хийх асуудлаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн саналыг авч байгаа нэртэй хорьхон хөгшнийг цуглуулж ярилцсан болоод өнгөрчээ. Мөн баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлдэг бус ганзага зөөж наймаа хийдэг хүмүүсийг цуглуулж саналыг нь авсан гэх нэрээр халхавчилжээ. Энэ нь өнөөдөр жинхэнэ баялаг бүтээгчдийг бухимдуулж байна.

Дотоодын зах зээлд бараа, бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэл эрхлэгчид Засгийн газрын энэхүү шийдвэрийг сөрж, хүчтэй шүүмжлэхийг хүсч буй ч оны төгсгөлд татварын өр, дарамтад орохоос айж чимээгүй байгаа гэх мэдээлэл ч байна.

Учир нь энэ хэлэлцээрийн цаана ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг барилга, хүнс, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих боломжгүйд хүрэх аюул байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн дийлэнх бүтээгдэхүүнийг (бүх мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, гурил, хүнсний ногоо, ус, ундаа зэрэг) импорт ба онцгой татваргүй, ямар нэгэн квот зохицуулалтгүй Монгол Улс руу нийлүүлэхээр ярилцаж байна. 

Тус хэлэлцээрийн цаана ОХУ нь олон улсад хоригтой учраас зарж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ Монгол руу шахах гэж байна гэх хардлагаас өөр бодитой үндэслэл алга. Манай улс мах, махан, сүү, сүүн, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байхад импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны алдагдлыг ч улам ихэсгэх нь. Цаашлаад энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, хүнсний импортыг хаахаар хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнтэй огт нийцэхгүй юм.

Уг нь манай улс 19 нэрийн барааг дотоодоос бүрэн хангах тухай УИХ-ын 36 дугаар тогтоол баталж байв. Үйлдвэрлэлийг дэмжихээр их хэмжээний зээл олгосны үр дүн ч гарахгүй гэсэн үг. Евразийн эдийн засгийн холбооны таван оронтой 2023 онд хийсэн гадаад худалдааны статистикийг харвал худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэх дүн бий. Тодруулбал, 143 сая ам.долларын бараа нийлүүлж, 2.5 тэрбумын бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс үзвэл худалдааны тэнцэл илүү нэмэгдэхээр байгаа юм. 

-ӨНӨӨДӨР БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХЭЭР БАЙГАА Ч ГИШҮҮДЭД ТОГТООЛЫГ ТАНИЛЦУУЛААГҮЙ БАЙНА-

Монголчууд өөрсдөө цементээ хийдэг 4-5 үйлдвэртэй болсон ч өнгөрөгч хавар импортын цементийг татвараас хөнгөлснөөр дотоодод үйлдвэрлэх цементийн хэмжээ багассан. Мөн “Атарын аян” зэргийг зарлаж, улсаас маш их мөнгө зарцуулан байж улаанбуудай, гурилаа дотооддоо тариалдаг болоод байтал өнгөрөгч хавар импортын гурил, улаанбуудайг татвараас чөлөөлсөн нь дотоодод тариалах гурил, улаанбуудайн хэмжээ эрс багасаад байгаа юм.

Харин Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулсан тохиолдолд тус холбооны гишүүн орнуудын хүнс тэргүүтэй бараанууд манайд татваргүй орж ирэн манай үйлдвэрлэгчид сөхөрч, цаашлаад манай улс шатахуун, цахилгаан, төмөр замаас гадна өөр олон зүйлээр гаднаас хараат болно. Монголыг Оросоос холдуулах бодлогыг ухрааж, улсаа татаж унагах гэж буй Засгийн газрын энэ шийдвэрт УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг талаар товлосон ч тус хэлэлцээрийн тогтоолыг УИХ-ын гишүүдэд одоог хүртэл тараагаагүй, хэт ерөнхий мэдээллийг өгч байгаа. 

Тиймээс УИХ-ын гишүүдийн зарим нь эхнээсээ тогтоолыг яаралтай танилцуул, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учир дэлгэрэнгүй мэдээлэл өг,  хэлэлцээрт орох заалтуудыг олон нийтэд нээлттэй хэлэлц гэх шаардлагыг тавьж байна. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нь өнөөдрийн байдлаар гишүүдэд доорх ганц хуудас танилцуулгыг л өгөөд байгаа аж. 

УИХ-ын гишүүдэд тараасан ганц хуудас цаас

Ноцтой, сөрөг үр дагавар авчрах асуудал УИХ-аас нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж, эхнээсээ шүүмжилж буй буй учир Л.Гантөмөр уг төслөө УИХ-аар хэлэлцүүлэхийг хойшлуулж байж магадгүй байна. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байж магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Дагаад хэлэлцээрт гарын үсэг зурах ажил ч хойшилж магадгүй байгаа аж. Ташрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины санаачилгаар 2014 онд байгуулсан энэ холбоонд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн тавхан орон байдаг бөгөөд Орос улс эдгээр орнуудад бараа, бүтээгдэхүүнээ зардаг юм. 




Өнөөдөр луу өдөр

12 минутын өмнө