УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нь Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
-ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ХУУЛИАР НЭГ ЧОНО АГНАХАД 248,600 ТӨГРӨГИЙГ ТӨЛДӨГ БАЙНА-
Тодруулбал, амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнах гэж буй бол Амьтны тухай хуулийн 25.1-д заасны дагуу зөвшөөрөл авдаггүй байх заалтыг тус хуульд нэмэлтээр оруулахаар төсөл боловсруулжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Амьтны тухай хуулийн 28.3.2-т заасны дагуу бол чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэл хоногийн хугацаатай олгодог бөгөөд төлбөрийн хэмжээг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-д тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувиар буюу 226,000 төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувиар буюу 22,600 төгрөгөөр тус, тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрлийг 248,600 төгрөгөөр үнэлсэн байна.
Гэвч иргэд, малчид чоно агнах, түүнтэй холбоотой төлбөр, зөвшөөрлийн талаар доорх саналыг хууль санаачлагчид хэлжээ.
- -Нэгдүгээрт, ан агнах зөвшөөрлийн тав хүртэлх хоногт ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж зөвшөөрөл авах сонирхолгүй байдаг. Мөн чоно агнах зөвшөөрлийн төлбөр өндөр тул зөвшөөрөл авах боломж малчдын хувьд хязгаарлагдмал байна.
- -Хоёрдугаарт, хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авахад шаардлагатай олон баримт бичиг бүрдүүлэх нь малчин иргэдийн хувьд хүндрэлтэй байдаг бөгөөд тухайлбал, ангийн буу өмчлөх, эзэмших зөвшөөрөл авахад хүндрэлтэй байдаг.
- -Гуравдугаарт, малчин иргэд зөвшөөрөлгүй чоно агнавал торгууль өндөр, чоно хүн рүү болон мал руу дайрвал заавал зөвшөөрөл авч байж буудахгүй бол зөвшөөрөлгүй ан агнасан хэргээр торгууль оногдуулах заалттай учир иргэд чоно агнахгүй байгаагаас болж чоно элбэгшиж, хүнээс айхгүй түвшинд хүрсэн. Мөн чоно ихэссэнээс бодын төл авч чадахаа байхад хүрч байгаа нь малчдын амжиргаанд нөлөөлж байгаа тул үүнийг амьдралд тохиромжтой байдлаар зохицуулж өгөхийг хүсч байна гэсэн саналыг ихээр тавьсан гэж УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тайлбарлажээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсад 1986 оны байдлаар 30 гаруй мянган чоно 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан гэж Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанд дурджээ. Үүнээс хойш улсын хэмжээнд чонын талаар нарийвчлан судалсан судалгаа, мэдээлэл байхгүй байна. Гэхдээ О.Амгаланбаатар гишүүний боловсруулсан нэмэлтийг УИХ-аас баталлаа гэхэд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор агнасан эсэхийг нь яаж тогтоох вэ гэдэг нь мөн асуудал юм.
Хэрвээ ямар зорилгоор чоно агнасныг нь тогтоохгүй хяналтгүй хаях юм бол тус амьтныг хяналтгүй устгах эрсдэл бий гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Ямартай ч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын санаачилсан энэхүү хуулийн нэмэлт нь парламентын босго, шалгуурыг давж чадах, чадлаа гэхэд хэлэлцүүлгийн өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр тухайн үед нь энэ талаар мэдээллийг эргэн мэдээлэх болно. Хуулийн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.