Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, улмаар УИХ хүлээж авсан нь анхны тохиолдол болоод байгаа.
Зарим гишүүд парламентын 34 жилийн түүхэнд тохиогоогүй хүнд нөхцөл байдал гэх мэтээр шогширч байв. Төсвийг үсэг тоо үлдээлгүй нэгжиж, мэдээлэл хийж, "алдагдалгүй төсөв батлах"-аас аргагүйд хүргэсэн. Гэтэл Засгийн газар улсынхаа тэргүүлэх салбарын төсвөөс хайр найргүй хасаж байгаа гэх юм.
Тодруулбал, Биеийн тамир, спортын салбарын ирэх оны төсвийг 50 хувиар танаж төсөл боловсруулсан гэх мэдээлэл бий.
Үнэндээ эдийн засаг талдаа уул уурхай гэх мэт салбаруудыг тэргүүндээ барьдаг ч "боловсролтой иргэн", "монгол хүн"-ийг спортоор дамжуулан сэтгэл зүйгээр нь торниулдаггүй гэж үү. Бахархах сэтгэл бол эх оронч үзлийн мөнхийн галыг манагч. Гэтэл хил дамнан, улс улсыг шуугиулан "Монгол"-ын нэрийг цуурайтуулж байгаа тамирчдын хөдөлмөрийг улс нь "улсын төсөв"-ийн ул орчимд шидэж болохгүй л юм сан.
Шигшээ багийнхаа зардлыг таначихаад шигшээ багаасаа амжилтын алтан медаль, алдар хүндийн оргилыг хүсээд ч хэрэггүй. Бас хүссэн болгон нь түмнийг дагуулах "аварга" болдоггүй, өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ, хөлстэй зааландаа даруухнаар бэлтгэлээ хийж яваа тэднийг дэмжих "төсөв" нүд үзүүрлэгдсэн бололтой. 2025 оны төсвийн мэдээллийг D ᠋парламент цахим хуудаснаас сонирхон харлаа, салбар салбараас спортынхны ирэх оны төсөв анхаарал татлаа.
Үндэсний шигшээ багт олимпын хөтөлбөрт багтдаг өвөл, зуны спортын 26 төрөлд 330 тамирчин бий. Монголын үндэсний шигшээ багийн төсөв 2023 онд 13.8 тэрбум байсан. Харин 2024 онд 25.8 тэрбум болж, жилээс жилд өсөх хандлагатай байв.
Гэвч 2025 оны төсвийн төсөлд тусгаснаар 9.5 тэрбум болж огцом буурчээ.
Гэтэл 9.5 тэрбум төгрөгийн талаас илүү нь буюу 5 тэрбум нь зөвхөн цалин, нийгмийн даатгал гэх мэт зүйлсэд нь зарцуулагдана. Үлдсэн 4.5 тэрбум төгрөг дэлхийн тэмцээнүүдэд явах тамирчдын байрлах байрнаас эхлэх зүйлсэд зарцуулагдана гээд бод доо. Олимп, дэлхийн аварга, азийн аварга, их дуулга гээд тэмцээн мундахгүй. Тэр тусмаа ирэх онд “Харбин-2024” Азийн өвлийн наадам оролцох эрх авах тэмцээн болон түүнд оролцох тамирчин, дасгалжуулагчийн зардал сөхөгдөнө. Мөн 2026 оны Миланы өвлийн олимпын наадамд баг тамирчидаа илгээх зэрэг төсвийн хүндрэл тулгарна.
Хаанаа ч хүрэхгүй төсөвтэй тамирчдаас тив, дэлхий, олимпийн алдар цууг хүсэх нь байж боломгүй хатуурхал. Биднийг холбодог зүйл эх орон, элгэн садан. Түүнийг сэрж сэхээрч, мэдрэхэд тамирчид ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Дэлхийн тамирчин байна гэдэг нэг хүний алдар нэр биш, цаана нь Монгол Улс, спортод хайртай монголын ард түмний зүрх сэтгэл. Дэлхийд үргэлж сануулсаар байхын суу билиг юм шүү дээ.
Энэ байдлаараа соёл хүмүүжил, биеийн тамирыг улсын төсвийн "өргөс" шиг үзсээр байвал ирээдүйн монгол хүнийг төсөөлөхөд ч бэрх байна.