УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.06/ үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
ВИДЕО:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-д өргөн барьж, долдугаар сарын 07-ны өдөр парламентаар баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан. Энэ заалтаар бол улс төрийн намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр боловсруулж 2025 оны нэгдүгээр сард багтаан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр байгаа юм.
Харин Засгийн газар уг заалтад тусгасан “2025 оны нэгдүгээр сар” гэх хугацааг “2027 оны 08 дугаар сарын 01-ний өдөр” болгон өөрчлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь энэ юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир шүүмжлэлтэй байр суурийг илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр " Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэр авсан 253 нам байна. Үүний 37 нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй. Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжээгүй. Тиймээс би бас дэмжихгүй байр суурийг илэрхийлж байгаа. Ний, нуугүй хэлэхэд МАН бусдын гараар могой бариулахдаа сайн л даа. Өмнө нь ХҮН намын дарга Т.Доржхандаар хоёр удаа Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгүүлж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо дахиад ХҮН намын Г.Уянгахишиг гишүүнийг бүлтэлзүүлээд хариулт өгүүлээд энд суулгачихсан байна. МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээгүй. ХҮН намын зөвлөл, манай намын бүлэг хэлэлцсэн. Цаасан дээр харагдах байдлаараа МАН оролцоогүй юм шиг мөртлөө цаанаа захиалагч нь юм. Одоо хамгийн гол заалтыг нь хойшлуулж байна. Бид 3.5 сая хүн амтай улсад ийм их улс төрийн нам байх нь зөв үү, буруу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Үүнийг дагасан улс төрийн намын санхүүжилт ямар байх ёстойг харах хэрэгтэй. Яг үндсэндээ Улсын дээд шүүхэд хуулийн хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн 7 нам байна. Хойшлуулах хүсэлтэй таван нам байна. Энэ таван намынх нь дүрэм журмыг харах гэхээр байхгүй, вэб сайтгүй, үйл ажиллагааны тайлангүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгээд сонгууль дөхөхөөр гарч ирдэг. Тус таван намын хойшлуулах үндэслэлд үндэслээд хойшлуулж байгаа гэж байна. Тэгвэл хуулийн хүрээнд бичиг баримтаа бүрдүүлсэн намуудын эрх ашгийг яагаад бодохгүй байгаа юм" гэлээ.
Тэгвэл түүний хэлээд буй хойшлуулах хүсэлт гаргасан таван нам нь Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв нам нар аж.
Эдгээр нам нь эрх баригч МАН-ын гар, хөл болж захиалгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол заалтыг хойшлуулах саналыг гаргасан байж болзошгүй байгаа юм. Тус намууд өнгөрсөн сард Төрийн ордонд мэдээлэл хийж, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг шаардсан байдаг. Улмаар Засгийн газарт шаардлага хүргүүлснийг МАН урдаа барин ярьж яваа. Харин зарим гишүүд "Намууд Их хурлаа хийж дүрэм, хөтөлбөрөө шинэчлэх боломжтой. Гэтэл Засгийн газар огцрохгүйн тулд бүхэл бүтэн хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байна. Энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд улс төрд биеэ үнэлэгч намуудыг ашиглаж байна" хэмээн шүүмжилж байгаа юм.