Ж.Баярмаа: Улс төрийн намын тухай хуулийн чухал заалтыг хууль зөрчиж хойшлуулж байгаа асуудлаар хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандах байх

Ж.Баярмаа: Улс төрийн намын тухай хуулийн чухал заалтыг хууль зөрчиж хойшлуулж байгаа асуудлаар хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандах байх

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.12.06/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-д өргөн барьж, долдугаар сарын 07-ны өдөр парламентаар баталсан Улс төрийн намын  тухай хуулийн шинэчилсэн найруулгын  2 дугаар зүйлд  “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан. Энэ заалтаар бол улс төрийн намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн шинээр боловсруулж 2025 оны нэгдүгээр сард багтаан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр байгаа юм.

Харин Засгийн газар уг заалтад тусгасан “2025 оны нэгдүгээр сар” гэх хугацааг “2027 оны 08 дугаар сарын 01-ний өдөр” болгон өөрчлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь энэ юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа " Улс төрийн намын тухай хууль цогцоороо хэрэгжих ёстой юм билээ. Тэгэхгүй бол зөрчилтэй асуудлууд үүснэ. Тухайлбал, судалгааны төв байгуулсан уу, харьяа байгууллагууд нь бүртгүүлж санхүүжилтээ тодорхой болгож санхүүжилтээ  авч чадах уу. Хууль зөрчөөд санхүүжилт авбал буцаад өгөх шаардлага гарна. Энэ хууль хэрэгжээд 1.6 жил өнгөрсөн. Бүтэн 1.6 жил өнгөрчхөөд байхад хийх ёстой ажлаа хийгээгүй байж бүхэл бүтэн хуулийн чухал заалтыг хойшлуулж болохгүй.

Тиймээс зарчмын зөрүүтэй санал гаргаж хуульд заасан хугацааг нь хэвээр үлдээх саналыг гаргасан ч ажлын хэсгийн санал батлагдсан гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн 41.10-т “Хуулийг дагаж мөрдсөн өдрөөс хойш хууль, түүний зүйл, хэсэг, дэг, дагаж мөрдөх хугацаанд өөрчлөлт оруулахгүй” гээд тодорхой заагаад өгсөн байгаа биз дээ. Манай ажлын хэсгийн хуульчид үүнийг үгүйсгээд байна. Цагаан дээр хараар бичсэн юмыг өөр, өөрөөр тайлбарлаад байх юм. Үүн дээр олон нийтийн саналыг аваагүй.

Өөрөөр хэлбэл, дахин хууль зөрчсөн. Дэгийн тухай хуулинд олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаад саналыгнь хавсаргаж, товъёог болгож өгөх ёстой. Юм асуухаар гөлөг төөрүүлж байгаа юм шиг төөрүүлээд. Бид хууль тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага. Гэтэл хуулиа зөрчөөд байна. Миний бодлоор хүмүүс үүнийг Үндсэн хуулийн цэцэд өгөх байх. Тэр үед бид гэмших байх. Ардчилсан намынхан дэмжиж байна гэж байна лээ.  Тэгвэл МАН-ынхан олонхоороо дэмжихгүй гээд кнопоо дарах хэрэгтэй шүү дээ. МАН-ынхан АН-ын нэрийг барьж ийм үйлийг хийж болохгүй байх. МАН-ын эрх ашиг л байгаа юм билээ" гэв.