Дарга нарыг дураараа дургиж, тансаглахад саад болж буй Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож, яам, агентлагуудад дэд дарга томилохоор ажиллаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байлаа.
-ХУУЛЬ ДАГАЛДУУЛЖ, ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН "ДЭД ДАРГАТАЙ БАЙХЫГ ХОРИГЛОНО" ГЭХ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-
Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. Тэгвэл тус хуулийг бүхэлд нь биш ч хэсэгчилж өөрчилсөөр дарга нар санаандаа хүрч буй бололтой. Тодруулбал, саяхан парламент дээр батлагдсан нэгэн хуулийг дагалдуулж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.4-т заасан "Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно" гэсэн заалтыг хүчингүй болгосон талаар эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ олон нийтийн анхаарлаас холдуулж, өөр хууль дагалдуулан бараг нууцлан тус заалтыг хүчингүй болгосон нь анхаарал татаж байна. Ингэснээр Төрийн өмчит компаниуд ирэх онд дэд даргатай ажиллах нөхцөл бүрджээ. Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт "Төрийн болон Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем" төслийг танилцуулах хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт болсон.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл " Ирэх оноос агентлагууд болон төрийн өмчит компаниуд дэд даргатай ажиллана. Бүтэц, орон тоо ихтэй агентлагууд хоёр ч дэд даргатай ажиллана. Тэгэхээр орон тоогоо дэд даргатай ажиллахаар зохицуулаарай" гэж ярьжээ.
-НЭГ САЙД ХОЁР Ч АСУУДАЛ ЭРХЭЛСЭН САЙДТАЙ БАЙЖ БОЛОХ БӨГӨӨД УГ АЛБАН ТУШААЛД 30 ОРЧИМ ХҮНИЙГ ТОМИЛЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Мөн 2025 оны төсвийн төслийг баталсны дараа хуучин дэд сайд нарын ажиллаж байсан албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилно. Ингэхдээ “Асуудал эрхэлсэн сайд”, “Орлогч сайд”-ын аль нэгээр нь нэрлэх бөгөөд нэг сайдыг хоёр ч эрхэлсэн сайдтай ажиллуулж магадгүй байгаа юм. Энэ хувилбараар явсан тохиолдолд Засгийн газрын 16 яам 30 орчим орлогч сайдтай байх бөгөөд тус албан тушаалтнуудын 50 хувийг УИХ-ын гишүүдээс 50 хувийг гаднаас томилохоор яригдаж байгаа. Энэ нь Үндсэн хуулийг зөрчих, мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч дэмжихгүй байж магадгүй байгаа аж. Учир нь тэрбээр, “УИХ-ын гишүүдээс орлогч сайд нарыг томилох нь парламентын хяналтыг сулруулах талтай” хэмээн үзэж байх талтай. Нөгөө талаар Үндсэн хуулийн 29.1-д “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 39.4-д “… Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Харин “Эрхэлсэн сайд”-ыг Засгийн газрын гишүүн гэж үзэхгүй бөгөөд тус албан тушаалд томилогдох эрхэм УИХ-д тангарагч өргөх хуулийн ямар ч боломжгүй. Иймд орлогч сайдын албан тушаалд УИХ-ын гишүүдээс томилох нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж болзошгүй байгаа юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүхэлд нь өөрчлөх төсөл АН-ын дарга Л.Гантөмөр дээр боловсруулагдаж дууссан бөгөөд тэрбээр өргөн барих боломжтой үеийг хүлээн хав дарж байгаа. Саяхан түүнийг эл хуулиа өргөн барьчих гэж эрх баригч намаас шахсан ч хөдөлж өгөөгүй, өргөн бариагүй талаар эх сурвалж мэдээлж буй. Учир нь дэд сайд, дэд дарга нарыг томилох мэдээлэл нь хэмнэлт, үрэлгэн зардал, шаардлагагүй албан тушаалыг танаж, хасахыг үргэлж шаардаж буй иргэдийн зэвүү, дургүйг хүргэх нь тодорхой. Тиймээс иргэдээс ирэх “гал”-аас айж түрдээ хойшлуулаад байгаа юм. Энэ бухимдлыг АН-ынхан дааж гарах тохироог ч хийсэн гэх. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан "Та нар өөрсдөө эрсдэлээ үүрээрэй" гэж хэлсэн гэж буй. Ямартай ч Л.Гантөмөрийг өргөн барихаас өмнөх ирэх оны төсвийн сууриа тавьж, хуулиа өөрсдөдөө зориулан өөрчилж, хүчингүй болгосоор агентлагууд дэд даргатай ажиллах үүд хаалгыг нээжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад Төрийн өмчит 122 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулдаг болгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн. Гэтэл эрх баригчид нэг амаараа сайхан зүйлийг яриад нөгөө амаараа бүтцийг нь данхайлгаж, ажилгүй хүмүүсээ шахдаг нь энэ жишээ юм.
-ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД НЬ ТӨСӨВТ 5.8 ИХ НАЯДЫН ОРЛОГО БҮРДҮҮЛДЭГ МӨРТЛӨӨ 70 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТААС АВДАГ. ТЭДЭНД ДЭД ДАРГА ХЭРЭГТЭЙ ЮУ -
Олон улсын валютын сангийн шалгуур үзүүлэлтээр өр төлбөр хөрөнгийн харьцаа болон нийт хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр төрийн өмчит компанийг үнэлсэн. Ингэхэд нийт 99 компаниас 40 хувь нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаар эрдэлтэй байна гэж үнэлэгдсэн. Мөн хөрөнгийн өгөөжийн эрсдэлээр 99 компаниас 20 хувь өндөр эрсдэлтэй байна. Төрийн өмчит компаниуд улсын төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг. Харин зарлага нь маш өндөр. Төрийн өмчит компаниуд төсвөөс 70 тэрбум төгрөгийн татаас авдаг. Ердөө таван компани улсын төсөвт орлого бүрдүүлж, ашигтай ажиллаж байна. Нэг жилийн хугацаанд алдагдалтай ажилласан есөн төрийн өмчит компани 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг удирдлагууддаа олгосон. Төрийн өмчит компанийн эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө 64.2 их наяд төгрөг болсон. Гэтэл тус компаниуд нийлээд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй боловч 57 мянган хүн ажиллаж байна. Гэтэл эдний орон тоог нэмж дэд даргатай болгох гэж буй нь гудамжинд "лааз өшиглөж" яваа ажилгүй хүмүүстээ зориулж ажлын байр гаргаж байна уу гэж хардахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм.