Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн танилцуулгыг хийлээ.
Тэрбээр, "Өчигдөр Засгийн газар 2025 оны төсвийн тухай хуулийг дахин боловсруулж өргөн барилаа. УИХ дээрээс тогтоол гарч 12 сарын 10-ны дотор өргөн барих үүрэг өгсөн. Бид хугацаандаа амжиж өчигдөр өргөн барилаа. 2024-2025 оны төсвийн ялгаа нь өнгөрсөн есдүгээр сарын 01-ний байдлаар өргөн барьсан төсөвт 5.3 их наядын зөрүүтэй байгаа. Үүний 1.7 их наяд нь Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад суурилсан зардал. Мөн 3.5 их наяд нь урсгал зардлын өөрчлөлт байгаа. Аливаа урсгал зардлын цаана хууль, тогтоомж, үйл ажиллагааны хөтөлбөр, арга хэмжээнүүд байдаг. Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 921 тэрбум төгрөгийн багцад тэтгэврийн хувь хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэх талаар заасан байгаа бөгөөд дангаараа 300 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулж байна. Энэ нь ирэх оны нэгдүгээр сароын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн асаргааны тэтгэмжийг 6 хувиар, Халамжийн тэтгэврийг 6 хувь нэмэгдүүлэхээр заасан байна. Бас эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн.
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулж 6 хувиар нэмэгдүүлж байгаа. Гэхдээ үүнд хуулийн заалт байхгүй учраас Засгийн газраас төсөвтэй уялдуулж нэмнэ. Мөн Хөдөө аж ахуйн салбар нэлээд том дүнтэй орж ирж байгаа. Цагаан алт хөтөлбөр, Хоршоо, Хүнсний хувьсгал гэхчилэн томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа учраас нэлээд их төсөв тавьсан.
Мөн өнгөрсөн жилүүдэд хууль тогтоомжид аль хэдийнээ багтсан хэдий ч төсөвт багтахгүй, хүлээгдэж байгаа зардлууд нийт 4.6 их наяд төгрөгийн заалттай байна гэсэн үг. Тэгэхээр бид цаашдаа төсвийн урсгал зардлыг хасах, төсөв хумих бодлогыг баримтлахын тулд дээрх төсөв нь шийдэгдээгүй хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах нь хамгийн том сорилт болоод байна. Энэ жил есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсөв маань зам, эрчим хүч дээр голчилсон төсөвлөсөн байсан. Үүнээс хуулиараа хоёр хувийн алдагдалтай байж болохоор байна. Алдагдалгүй төсөв батлахын тулд 1.9 их наядыг хасах шаардлагатай. Үүнийг хасахад хөрөнгө оруулалт, урсгал зардлууд хасагдана. Үүнтэй холбоотой 394 тэрбум төгрөгийн орлого хасагдана гэсэн үг. Иймд эдгээр хоёр зардлыг нийлүүлээд 2.3 их наяд төгрөгийн зардал хасах шаардлага гарсан.
Зардлыг танахын тулд 10-аад хуульд өөрчлөлт оруулж байгаа. Мөн төрийн хэмнэлтийн хуулинд өөрчлөлт оруулж, хичээл үйлдвэрлэлийн дадлагыг 50 хувь, Гадаад томилолтын зардлыг 50 хувь, тээвэр шатахаууны зардал 50 хувь, Тавилга 100 хувь, Багаж, техник хэрэгсэл, Дотоод томилолт, бичиг хэрэг зэргийг тус тус 50 хувь танана. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээлийн ашиглалтад нийт 6 их наяд төгрөгийг төсөвлөсөн байсан бол 1.4 их наядаар бууруулсан.