Дэлхийд хамгийн томд тооцогддог Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авайгаар 1000 гаруй лугшуур одыг /пульсар/ шинээр илрүүлжээ.
Тодруулбал 500 м-ийн голчтой уг дуран авайгаар 2017 оноос хойш илрүүлсэн шинэ пульсарын тоо мөн хугацаанд гадаадын бүх дурангаар илрүүлсэн ийм төрлийн оддын тооноос даваад байна гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Үндэсний одон орон судлалын ажиглалтын төвөөс мэдээллээ. Мөн Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжөү мужийн хотгорт суурилуулсан FAST нь битүү антенн, хамгийн мэдрэмтгий радио телескоп бүхий дэлхийн хамгийн том радио дуран авай юм. Пульсар од бол сансар дахь асар их эрчимтэй цахилгаан соронзон цацаргалтын эх үүсгүүр юм. Оддын хувьслын сүүлчийн үе шатанд супернова дэлбэрэлт болох үед ийм объект үүсдэг гэж үздэг.Пульсар од болгон өөрийн гэсэн эргэлтийн үе, лугшилттай учраас Орчлон ертөнцийн гэрэлт цамхагтай зүйрлүүлж болно. Хэрэв хүн төрөлхтөн одод хооронд аялах өдөр ирвэл пульсарууд навигацийн систем болж чадна гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Үндэсний одон орон судлалын ажиглалтын төвийн эрдэмтэн Хань Жиньлин ярилаа.
Түүнчлэн “Бид Орчлон ертөнц дэх пульсаруудын координатуудыг тогтоосон. Хэрэв эдгээр пульсарын үелзлийн байрлал, байрлалуудын харьцааг алдалгүй ажиглаж чадвал одод хооронд аялахдаа төөрөхгүй” гэж тэрбээр ярив. FAST дурангаар хос пульсар, мөн 0.001 секундийн лугшилттай пульсаруудыг шинээр илрүүлсэн нь сансрын эл биетүүдийн үүсэл, хувьслын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болох аж.