Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2024.11.14/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хийлээ. Байнгын хороод болон чуулганы хуралдааны үеэр АМНАТ-ийг хэдэн хувиар тооцож, Монгол хэрхэн ашиг хүртэх асуудалд гишүүд санал зөрөлдөж, хэд хэдэн саналыг дэвшүүлсний зарим нь олны шүүмжлэлд өртөөд буй.
-Ц.ДАВААСҮРЭН ГИШҮҮНИЙ ГАРГАСАН САНАЛЫН ДАГУУ СУУРЬ АМНАТ-ИЙГ 9 ХУВЬ БОЛГОВОЛ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ТӨСӨЛ ЗОГСОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ЦААШ ЯВАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО-
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын 5 хувь байхаар, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-9 хувь байхаар, харин тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн суурь АМНАТ-ийн хувь хэмжээг 9 хувьд хүргэх санал гаргаж, уг саналыг байнгын хорооны гишүүд дэмжжээ. Тодруулбал, санал хураалтад 13 гишүүн оролцсоноос 8 нь буюу Р.Батболд, Д.Батлут, П.Ганзориг, Ц.Даваасүрэн, Д.Мөнхтулга, Б.Түвшин, Да.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нарын гишүүд дэмжсэн. Улмаар Ц.Даваасүрэн гишүүний гаргасан саналаар УИХ дээр санал хураалгаж шийдэхээр болоод буй.
Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, суурь АМНАТ-ийг 9 хувь болгосон тохиолдолд төсөл зогсоно. Хөрөнгө оруулалтын гэрээ цаашаа явах боломжгүй хэмээн АБГББХ-ны хуралдааны үеэр хэлсэн.
Тодруулбал тэрбээр “Суурь АМНАТ 9 хувь болсон нөхцөлд төсөл зогсоно, хөрөнгө оруулалтын гэрээ цааш явах боломжгүй болно. Учир нь, хөрөнгө оруулагч дээрх төрлийн төлбөр хийхээс гадна давуу эрхийн 10 хувь, АМНАТ-ийн үнэ өссөн нөхцөлд 19 хувь, ААНОАТ 6 тэрбумаас дээш гарвал 25 хувийн татвар төлнө. Мөн газар ашигласны, ус ашигласны, хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан хөрөнгө оруулагч нь орон нутагт жил бүр мөнгө олгох зэрэг маш олон төрлийн хураамжуудыг хөнгөлөлтгүйгээр хураалгана” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл АМНАТ-ийг өндрөөр тогтоох нь олон улсын хөрөнгө оруулагч нар Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэх гоё үгээр далдлаад ашигт малтмал ашиглуулсныхаа төлбөрөөр гаднын хөрөнгө оруулагч нарт хаалт тавих гэсэн нэг хэлбэр болно гэсэн үг. Улмаар АБГББХ-ны хурлын үеэр дээрх саналыг 100 хувийн саналаар эсэргүүцээд байна.
-ДЭЛХИЙ ДЭЭР 9 ХУВИЙН СУУРЬ АМНАТ АВДАГ ЖИШИГ ХААНА Ч ЧБАЙХГҮЙ-
Тэгвэл олон улсад АМНАТ авах жишиг ямар байгаа талаар энд дурдья. Дэлхийн улс орнууд уул уурхайн салбарт хахндах хандлага, ашигт малтмалын төрлөөс хамаараад АМНАТ-ийг олон янзаар тогтоосон байдаг. Тухайлбал АНУ-ын Невада, Аризона мужуудад ихэнх ашигт малтмалд төлбөр авдаггүй. Харин Канадын Саскачеван муж үнэт болон суурь металын төслүүдийг эхний 10 жил төлбөрөөс чөлөөлж, түүнээс цааш төслийн цэвэр ашгаас 5 хувийн АМНАТ авдаг байна.
Түүнчлэн Япанд уул уурхайн салбар маш бага хувийг эзэлдэг тул тус салбарыг дэмжих үүднээс төлбөрийг борлуулалтын үнийн 1 хувь гэж тогтоож, төлбөрийг орон нутгийнхаа захиргаанд төлдөг байна.
Харин Чили, Перу зэрэг улсууд уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд компанийн ашигт суурилсан төлбөрийг тогтоодог аж. Чилид төлбөрийн түвшин ашгаас хамаараад 5-14 хувь байдаг бол Перуд мөн ашгаас хамаараад 1-6.28 хувь байдаг. Харин Лаост АМНАТ-ийг нийт орлогод ноогдуулах ба түүхий эдээс хамаарч 1-7 хувь байхаар тогтоосон байдаг. Австралид метал хайлуулалтын салбарын дэмжихийн тулд боловсруулалтын түвшин гүнзгийрэх тусам АМНАТ-ийг бууруулж авдаг бөгөөд хүдрийн борлуулалтын орлогод 7.5 хувь, баяжмалын борлуулалтын орлогод 5 хувь, металын борлуулалтын орлогод 2.5 хувиар АМНАТ ногдуулж авдаг байна.
Түүнчлэн дэлхий дээр ураны нөөцтэй 13 улс байна. Тэднээс тав нь дэлхийн ураны нөөцийн 80 хувийг эзэмшдэг. Татварын орчныг нь үзвэл дэлхийд хамгийн их ураны нийлүүлэлт хийдэг Казахстан Улс АМНАТ 6 хувь, Канад 5 хувь, Нигери 5 хувь, Австрали улс 5 хувь, Узбек улс 8 хувийн АМНАТ авдаг аж. Ингээд харахад манай улс 9 хувийн АМНАТ тогтоох нь хэтийдсэн өндөр дүн гэдэг нь тодорхой харагдаж байна.