Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /2024.11.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “2024 оны эхний улиралд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтнуудад 200 мянга гаруй өргөдөл, гомдол ирүүлсэн бөгөөд тэдгээр өргөдөл гомдлын биелэлт 93 хувьтай гарсан.
Гэтэл бодит байдал дээр иргэдийн төрд итгэх итгэл буурсаар, авилгал, хүнд суртал хэвээрээ байсаар байна. Иргэдийн өргөдөл гомдлыг яаж шийдвэрлэв гэдгийг бид судалж үзсэн. Гэтэл “Харьяаллын дагуу өөр байгууллага руу шилжүүлчихдэг. Эсвэл манайд хамааралгүй асуудал гээд хаачихдаг. Түүнийгээ шийдвэрлэсэн” гээд бүртгээд явчихдаг юм байна. Цаасан дээрх тоон мэдээлэл нь болохоор иргэдээс ирж буй санал гомдлыг бид 90 хувьтай шийдвэрлэсэн гээд гарч ирдэг. Бодит байдал дээр иргэдийн асуудал шийдвэрлэгдээгүй байдаг.
Иймээс Засгийн Газраас "Төрийн байгууллагын албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай" 1995 онд батлагдсан хуулийг өөрчлөх чиглэлийг Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн байгаа.
-“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БИД ШАЛГАНА”-
Мөн тэрбээр, “Бүх төрийн байгууллагад реформ эхлүүлэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагууд бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Үүний нэг жишээ бол “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”. Энэ хуулийн хэрэгжилтийг бид шалгахаар ажиллаж байна. “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн бол өнөөдөр энэ салбарт 274 тэрбум төгрөгийн өр хуримтлагдахгүй байсан.
Нөгөө талд эрүүл мэндийн тогтолцоо болон бусад яамд анх байгуулагдсан системээрээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлд манай байгууллага ажиллана. Мөн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, “Алсын хараа 2050” бусад баримт бичигт байгаа бодлогуудыг хэрэгжүүлэхэд 16 яамны ажил уялдаж байна уу, үгүй юу гэдгийг хянаж ажиллана. Би ажлаа аваад долоо хонож байна. Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургах нь зөв. Мэдлэггүй, яадваргүй сул дорой албан хаагч иргэдийг чирэгдүүлдэг. Тийм учраас хүмүүсээ сургах бэлдэх тухай ажлыг үргэлжлүүлнэ. Гэхдээ заавал гадаадад биш дотоодод сургана” гэв.