Төрийн ордонд суух өндөр дээд албан тушаалтнуудын үсийг засаж, янзалж, тордож, арчилдаг энэ эрхэм хүнийг Б.Энхтуяа гэдэг. Түүнийг “Энхээ эгч” гэдгээр нь ордонд танихгүй хүн ховор. Арга ч үгүй биз, 45 жил ажиллачихсан хүн. Энхээ эгчээс бид яриа авахаар 30 минут орчим хүлээх зуур УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас эхлээд энгийн ажилтан алба хаагч зэрэг яарч сандарсан олон хүн орж, бас гарч үзэгдэнэ. Ийнхүү хоёргүй сэтгэлээр Төрийн ордны эмэгтэй үсчнээр ажиллаад 45 жилийг өнгөрүүлжээ.
“С.Удвал гуайгаас эхлээд олон нэр хүндтэй эмэгтэйчүүдийн үсийг засаж явлаа. Энэ ажлаараа их бахархдаг. Чадаж байгаа дээрээ энэ хэдэн ордны эмэгтэйчүүдийнхээ үсийг чадах ядахаар гоё сайхан болгохыг хичээдэг дээ” хэмээн бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Төрийн ордны үсчин хийгээд хэдэн жил болж байна. Анх орж ирж байсан түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу?
-Төр засгийн үйлчилгээ эрхлэх газарт 45 дахь жилдээ ажиллаж байна. Анх Төрийн ордонд орж ирэхдээ жаахан хүүхэд байлаа. Аав маань ордонд оруулж өгөөд "Охиныхоо буянд Төрийн ордонд орж үзчихлээ" гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. 19 настай анх энэ байгууллагад орж ирж байсан бол одоо тэтгэврээ тогтоолгож, гэрээт ажилтнаар ажиллаад 64 нас хүрч явна даа.
-45 жил гэдэг багагүй хугацаа. Олон ч төр засгийн нүүр үзэж дээ. Тийм үү?
-Энэ хугацаанд олон ч Засаг төрийн нүүр үзсэн. Социализмын үеэс нийгэм шилжилтийн үе дамжаад Ардчиллын үед ирсэн байна. Анх Төрийн ордонд орж ирэхэд их том, цэгцтэй, гоё байгууллага шиг санагдаж байсан. Одоо ч адилхан.
Энд ажиллаж байгаагаараа их бахархдаг. Ер нь Төрийн арын алба гэдэг бол их чухал фронт шүү дээ.
-Багаасаа үсчин болох сонирхолтой хүүхэд байв уу. Анх танд үсчин болох эрдмийг хэн зааж байсан бэ?
-Би ер нь багаасаа л үсчин болох авьяастай хүүхэд байсан. Үйлийн хайч бариад л үс хайчилчихдаг байлаа. Миний анхны багш болж, үсчин болох замыг минь зааж өгсөн н.Заман, болон гардан зааж өгсөн х.Бадамханд гээд хоёр сайхан багшийн шавь байгаа юм. Энэ хоёр багш дээрээ суралцсан. Мөн төрийн үйлчилгээ эрхлэх газрын 45 хоногийн сургалт гэж байсан юм. Түүнд суралцаж, онц төгсөгч болж байлаа.
-Энэ хариуцлагатай ажил мэргэжлээр ажиллах болж, өндөр дээд албан тушаалтан хүмүүсийн үсийг засахад их сандардаг байв уу?
-Хүүхэд байсан болохоор Төрийн ордонд орж ирээд байгаагаа ч сайн ойлгохгүй. Дөнгөж орж ирчхээд их л мундаг үсчин болчихсон юм шиг л байдаг байлаа. Хийж дадаагүй ажил болохоор гар чичрэх, хайч самаа тачигнуулахаас эхлээд чадахгүй зүйл олон. Тэгтэл одоо ингээд 45 жил өнгөрчээ.
-Таныг хүлээгээд 30-хан минут болоход дандаа л яарч сандарсан хүмүүс орж ирэх нь харагдах юм. Хамгийн их ачаалалтай үе нь хэзээ байдаг вэ?
-Үе үеийн паралементийн эмэгтэй гишүүд, болон ордны үйлчлэгчээс эхлээд бүх л аппаратын бүх л ажилтан, алба хаагч эмэгтэйчүүдийн үсийг засаж байна. Хурлууд нь ижил цагт ордог болохоор дандаа л яаруулсан хүмүүс орж ирдэг юм.
Өглөө 7:30-аас өдөр 11:00 хүртэл нэлээд пижигнэнэ. Хүмүүс ажлынхаа завсар зайгаар орж ирээд яарч, сандран л засуулдаг.
-Төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүсийн харилцаа, хандлага ямар байна?
-Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу гэдэгчлэн сэхээтэн, боловсролтой хүмүүс гэдэг чинь сайхан даруу, төлөв, төлөвшсөн хүмүүс голдуу байдаг юм шүү дээ. Төрийн ажил хийж, гүйцэтгэж байгаа хүмүүс гэдэг чинь ухамсартай, соёлтой, мэдлэг боловсролтой сайхан байдаг. Энэ хүмүүсийн тэргүүнд хүрч байгаагаараа би ч гэсэн өөрийгөө азтай хувь тавилантай хүн гэж боддог. Нэг их уурлаад, хашхираад байсан хүмүүсийг мэдэхгүй л юм байна. Тийм хүмүүс надтай ер нь таараагүй.
-Өдийг хүрэхэд таньд өөрт тань үлдсэн, одоог хүртэл мартагдаагүй дурсамж байдаг уу?
-Монголын эмэгтэйчүүдийн хороон дарга байсан С.Удвал гуай гэх эрхэм хүний үсийг засаж л байлаа. Дөнгөж үсчин болж ирчхээд, жаахан хүүхэд байхдаа тэр сайхан имидж нь бүрдчихсэн хүнд “Би таны үсийг тайраад, гоё болгоод өгөх үү” гэхэд С.Удвал гуай “Миний үсийг тайраад гоё болгоё гэж хэлэх зоригтой үсчин манай Энхээ л байх шив дээ” гэж хэлж байсан юм. Одоо бодоход тэр сайхан хүний үсийг тайраад яах гэж байсан юм бол доо гэж боддог. Тухайн үед хүүхэд байсан болохоор онгирч яваад л тэр хүнийг жигтэйхэн гоё болгочихно гэж бодсон юм шиг байгаа юм.
-Одоо бол ордныхон бүгд танд итгээд үсээ засуулдаг болж. Тийм үү?
-Одоо бол хүмүүс надад итгээд, байнга орж ирж үйлчлүүлдэг. Би өөрөө ч энэ ажилдаа гаршчихсан. Хэн, хаанаа ямар эргүүлгэтэй, ямар үстэйг ч сайн мэддэг болчихсон.
Анх намайг ажиллаж эхэлж байхад надаар үсээ засуулж байсан хүн 30-аад жилийн дараа орж ирэхэд би үсний эргүүлгээр нь таньж байсан. Хүнийг тийм онцлогоор нь таньдаг болчихдог юм.
Энэ нь одоо миний мэргэжлийн онцлог л юм даа. Үйлчлүүлэгчдийнхээ үсний эргүүлэг, царайны хэлбэрийг нь мэддэг болохоор энэ хүний үсийг яаж янзалж, хааш нь эргүүлбэл зохихыг нь мэддэг болчихдог.
-Ер нь цаг аваад л үйлчлүүлж байна уу?
-Урд орой нь залгаад "Энхээ эгчээ би тэдэн цагт очно шүү" гээд л ярьдаг. Би бүгдийг нь таньдаг болохоор "за" л гэдэг. Болж бүтэхээр нь бүгдийг нь л авахыг хичээдэг. Энд чинь бас эрэмбэ дараатай. Алба хаагч, ажилтнууд маань гишүүдээ хүндэлнэ, цаг нь тулчихсан байвал урдуураа оруулаад засуулна.
-45 жил гэдэг багагүй хугацаа. Таныг тэтгэвэртээ гараад явлаа гэхэд дургүйлхэх хүн олон бий байх даа?
-Уг нь миний тэтгэврийн нас болоод гэртээ суух нас маань ч ирчихсэн. Энэ сайхан газарт хамт олныхоо буянаар Монгол Улсын үйлчилгээний гавьяат гэх эрхэм алдрыг энэ онд Ерөнхийлөгчийн зарлигаар авсандаа баярлаж явдаг. Хүмүүс ч заримдаа "Гэртээ суугаад яах юм. Ажлаа хийж л байгаач. Чадаж л байгаа юм чинь" гэдэг л юм. Үр хүүхдүүд маань "Ээж минь насаараа халуун сэнс барьж, яарч ажиллалаа. Одоо амрахаа бод" л гэдэг. Ажлаа бодоод, өөрийнхөө эрч хүчийг бодохоор болчихмоор ч юм шиг санагддаг даа.
-Ярилцсан танд баярлалаа.