Нийслэл Улаанбаатар хотын 385, нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойгоор нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар ойн баярын мэнд дэвшүүлээд, “Одоогоос 385 жилийн тэртээ Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд 1639 онд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийг байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш 21 удаа бууриа сэлгэж, Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт 1778 онд суурьшсан. Энэ түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлахаар дурсгалын Мэлхийт хөшөөг 1994 онд босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай билээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй бид маш хурдацтай хотжиж байгаагийн нэг жишээ бол Улаанбаатар юм.
Нийслэлийн хүн ам 1919 онд 100 байсан бол өнөөдөр албан ёсоор 1.8 сая гаруй, ирж буй зочид гийчид, хүмүүсийг нэмбэл 2 сая орчим хүн амтай мега хот болжээ. Хотын хөгжлийн чиг, хандлага, бодлогын зорилтыг мега хотын стандартад нийцүүлж шинэчлэх хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн нийслэлийн ойг баяр ёслол гэж тэмдэглэхээс илүү нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны зорилт, бодлогыг шийдэж өнгөрүүлнэ. Их хотынхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэхийг та бүхэнд уриалж байна” хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.