Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын "Хайнань"-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 22-ны /2024.10.22/ өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр нь хамт олонтойгоо "Хайнань"-д аялж байгаад 21 давхар барилга дээрээс унаж, амь насаа алдсан юм. Тухайн хэргийг БНХАУ-ын тал мөрдөн шалгаж байгаа бөгөөд манай улсад уг хэргийн талаар мэдээлэхдээ "Амь хохирогч нь гаднын нөлөөгүй нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" хэмээн мэдэгдсэн байдаг. Тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа аж. Тэгвэл Хайнаньд нас барсан Т.Отгонбаярыг ажлаас нь чөлөөлж, нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.