Б.Сүндэръяа: Ээжийнхээ болон өөрийн багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд “рийл” хийж эхэлсэн нь олон хүнд хүрнэ гэж бодоогүй /ВИДЕО/

Б.Сүндэръяа: Ээжийнхээ болон өөрийн багын мөрөөдлөө биелүүлэхийн тулд “рийл” хийж эхэлсэн нь олон хүнд хүрнэ гэж бодоогүй /ВИДЕО/

Сошиал орчинд контент, богино бичлэг хийж, олон хүмүүс хүргэж буй залуу үеийн төлөөлөл цөөнгүй бий. Бид энэ удаад тэдний нэг болох Б.Сүндэръяа буюу Jayd-г урьж, ярилцлаа. Түүний хувьд богино бичлэг хийгээд багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд ээжээсээ хол найман жил байх хугацаандаа богино бичлэг хийн, бусдад хүргэж буй нэгэн. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу. 

ВИДЕО:

-Анх яагаад, хэзээнээс влог хийж эхэлсэн бэ?

-Би бүр багаасаа л влогонд донтчихсон байсан гэж болно. Влог хийдэг бүх л хүмүүсийг бичлэгийг үздэг байлаа. Багадаа өөрийнхөө эвдэрхий утсыг урдаа тавьчхаад л ганцаараа яриад сууж байдаг байсан. Сүүлд утастай болчхоод бичлэг хийхдээ бас л нэлээд жаахан байсан учраас ээж маань, “одоохондоо сошиалд тавих хэрэггүй. Аюултай” гэж хэлж байсан. Тэгээд саяхнаас ээж маань “за чи одоо нэг юүтүб рүү ороод үз дээ” гэж хэлээд би влог хийж эхэлсэн юм. Тэгээд сүүл рүүгээ рийл нь илүү богино хүмүүст хүрэх нь их байсан учраас рийл хийж эхэлсэн.

-Өөрийн чинь рийлийг үзэхэд нэлээд сонирхолтой санагддаг. Богино бичлэгнүүдийнхээ санааг хэрхэн олдог вэ?

-Рийлний  санаа, сэдэв нэг их боддоггүй. Амьдралд юу болно, түүнийгээ л бичдэг. Угаасаа төлөвлөсөн рийл гоё болдоггүй юм. Санаандгүй рийл л гоё болдог.

-Олон нийтийн сүлжээнд контент хийж байгаа учраас эерэг болон сөрөг сэтгэгдлүүд ирэх нь мэдээж. Түүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Сөрөг сэтгэгдлүүдийг тоохгүй байя гэж бодсон юм. Гэхдээ яалт ч үгүй тоодог л юм байна лээ. Эерэг сэтгэгдлүүдийг нэг их тоодоггүй. Их олон дэмждэг шүү гэсэн сэтгэгдлүүд ирдэг. Ганц хоёрхон сөрөг сэтгэгдлүүдийг нь олж уншчихаад хямраад байдаг нь жаахан хэцүү.

-Рийлээрээ хүмүүст ямар санаа хүргэхийг зорьдог вэ?

-Хүмүүс миний рийлийг үзээд арай эерэг мэдрэмж аваасай гэж найддаг. Авдаг байх ч гэж боддог доо.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Намайг манай ээж үнэхээр сайн дэмждэг. Бараг надаас илүү дуртай, надаас илүү жаргалтай байдаг даа. Манай ээж Солонгост байдаг. Найман жил гаруй болж байна.

-Өсвөр насандаа ээжсээ хол байх хэр хэцүү байв?

-Ээжээсээ хол байх хэцүү л дээ. Эхний хоёр, гурван сар хамгийн хэцүү байсан. Гэхдээ хүн чинь дасчихдаг юм байна лээ. Ээжтэйгээ ганц ч уулзаагүй найман жил болж байна.  

Ээж маань анх явахдаа хоёр юм уу гурван жил болоод л ирнэ гэсэн нь худлаа болж таарсан. Ирэх хугацаа нь жил жилээр сунгагдсаар байгаад л одоо найман жил болсон байна.

-Хамгийн хэцүү байсан үе хэзээ вэ?

-Өсвөр насанд их хэцүү байсан. Үнэхээр ганцаараа санагддаг. Өөр хүүхдүүдийг ээжтэйгээ чвж байхыг харах хэцүү. Мөн над шиг хүүхдүүд жаахан хүйтэн, хөндий болж өсдөг юм шиг санагддаг. Ээжийн хайраас хол өсөж байгаа учраас ганцаардаад нэлээд зожиг болж өсдөг гэх юм уу. Гэхдээ нэг талаасаа нэлээд биеэ дааж өсдөг дөө. Аав бас хоёр жилийн өмнө л Монголд ирсэн. Удаан ганцаараа байсан болохоор аавтайгаа дасан зохицох бас жаахан хэцүү байсан.

-Ээж нь чамд хэрхэн анхаарал халамж тавьдаг вэ?

-Манай ээж өдрийн бараг гурав залгаж, хувцас, үс засалтад маань хүртэл тусална. Бичлэг болгон дээр маань комент бичнэ. Тэр нь л өгч байгаа халамж нь байх даа. Угаасаа хамт байж чадахгүй болохоор.

-Ээж, аавыгаа байхгүйд хаана, хэнтэйгээ байдаг байсан бэ?

-Багадаа айл айлд л байсан даа. Ах эгч нарындаа байдаг байсан. Ганцаараа ч амьдарч үзсэн. Нэлээд ганцаарддаг юм байна лээ.  

Сүүлд юүтүб дээрээ ээжээсээ найман жил хол байсан нь гэдэг бичлэг хийсэн чинь хүмүүс ёстой мундаг юм аа, чамайг үзээд ээжтэйгээ уулзмаар санагдлаа гээд байсан.

-Өөр сонирхол, хобби чамд бий юу?

-Урлаг талдаа сонирхолтой. Дууны үг бичдэг. Дуу хүртэл зохиож байсан. Хэрвээ миний карьер амжилттай байвал Young Sub болон Thunder хоёртой дуу хийхийг хүсдэг. Thunder-ийг бол бүр багаасаа л сонсож өссөн дөө. Сүүлд нь хэлэхэд намайг дэмждэг, дэмжиж сэтгэгдэл бичдэг бүх хүмүүстээ баярлалаа. Цаашдаа илүү хичээж, гоё бичлэгүүд хийхийг хичээнэ. Мөн ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.