МҮЭХ-ноос Эрчим хүчний үнийн талаар мэдээлэл хийж, шаардлага танилцууллаа.
МҮЭХ-ны төлөөлөл "МҮЭХ өнгөрсөн долоодугаар сард гишүүн байгууллагуудаараа хэлэлцээд, улсын төсөвт санал хүргүүлсэн. Энэ саналыг Засгийн газар УИХ-д өргөн барихдаа төдийлэн ойшоогоогүй байгааг хэлмээр байна. МҮЭХ-ноос цалин, хөлсийг 20-иос доошгүй хувь нэмэгдүүл гэсэн санал, шаардлага хүргүүлсэн. Гэвч ердөө зургаан хувь нэмэгдүүлнэ гэж тусгасан. Бид энэ зургаан хувийг нэмэгдэл гэж үзэхгүй байна. МҮЭХ цалин хөлсийг бодитоор нэмэгдүүл гэх шаардлага хүргүүлж байгаа. Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь байна. Тэгэхээр Монголчууд ядуурал руу бага, багаар гулсаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хүний нөөцийн бодлогын асуудал нэн тулгамдаж байна. Хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа учир залуучууд гадаадад дүрвэж байна. Тиймээс энэ оны төсөв дээр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж чадсангүй гэж бид дүгнэж байгаа. Дараагийн гамшгийн асуудал бол монгол хүний эрүүл мэндийн асуудал. Эмнэлгийн байгууллагад ажиллаж буй хүмүүс маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Цалин хангамж хангалтгүйн улмаас эрүүл мэндийн салбарын алба хаагчид мөн дүрвэж байна. Тиймээс цалин хөлсийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагатай.
Цахилгааны үнийг 64 хувь, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэх бодлогыг МҮЭХ эрс эсэргүүцэж байна. Үнийг үе шаттай нэмэгдүүлж, Эрчим хүчний зохицуулах хороо үнийг бодитоор тооцож байгаа эсэхийг мөн бодох хэрэгтэй. Аж ахуйн нэгжийг төрөөс бодлогын түвшинд дэмжих хэрэгтэй. Эрчим хүчний үнийг нэмэхэд аж ахуйн нэгж хүнд нөхцөлд орно. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагыг зээл, татварын бодлогоор дэмжихийг шаардаж байна.
Мөн төсвийн ил тод, нээлттэй байдал маш чухал. Төсвийн задаргаа маш учир дутагдалтай байна. Монгол Улсын ерөнхий аудитор ажиллахгүй байна " гэлээ.