Хүүхэд болон залуучуудын эрүүл мэндийг хамгаалах асуудал өнөөгийн нийгэмд чухал байр суурь эзэлж байна. Ялангуяа, янжуур тамхи болон цахилгаан тамхи (вэйп) нь өсвөр насныхан болон залуу үеийнхэн дунд түгээмэл хэрэглэгдэж байгаа нь тэднийг аливаа нэг хорт зуршлаас хамгаалах бодлого, зохицуулалтыг сайжруулах шаардлага үүсчээ.
Үүнд орчин үеийн технологийг ашиглан, худалдаа, хяналтыг илүү нарийн зохицуулж, далд худалдааг багасгах нь үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
- Орчин үеийн технологийг ашиглах нь:
Хүүхдийг тамхи болон вэйпийн хэрэглээнээс хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь тамхины бүтээгдэхүүн болон цахилгаан тамхи борлуулах “вэндинг машин” нэвтрүүлэх юм. Энэхүү автоматжуулсан машин нь худалдааны үйл явцад хүний оролцоог багасгаж, далд борлуулалт хийх боломжийг хязгаарлахад тусалдаг байна.
- “Иргэний үнэмлэхээр баталгаажуулах систем:”
Вэндинг машиныг ашиглахын тулд худалдан авагч иргэний үнэмлэхээ уншуулснаар насны хязгаарыг тодорхойлох боломжтой. Энэ нь насанд хүрээгүй хүүхдүүд тамхи болон цахилгаан тамхи худалдан авахаас сэргийлэх арга зам гэж үзэн Малайз улс хэрэгжүүлжээ.
Түүнчлэн зарим оронд биометрийн мэдээлэл, нүүр царай таних системийг ч вэндинг машинд холбож эхлээд байна. Иймэрхүү технологиудыг ашигласнаар насанд хүрээгүй хүмүүст эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг үндсэндээ хааж өгдөг.
- Далд худалдааг хянах ба "ТАТВАР"
Насанд хүрээгүй иргэдийн дунд тамхи, вэйпийн хэрэглээ ихсэж байгаагийн нэг үндсэн шалтгаан нь “далд худалдаа, зохицуулалтгүй зах зээл” юм. Вэндинг машиныг нэвтрүүлж, худалдан авалтыг иргэний үнэмлэхээр баталгаажуулснаар далд худалдааг хянах боломжтой төдийгүй “татварын орлогыг нэмэгдүүлэх” боломжтой. Өнөөдөр манай улсад тамхи зарах зөвшөөрөлгүй хэрнээ лангуун дороос худалдаалж байгаа 3000 гаруй дэлгүүр, ширхэгийн борлуулалт хийдэг олон зуун ТҮЦ-үүд ямар ч хяналтгүй байна. Түүнчлэн Нийслэл хотын татвараа ч төлдөггүйн улмаас далд зах зээлд их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь хэдхэн хүний ашиг болж байна.
- Хүүхдийг хамгаалах бодлого:
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь эцэг эх, сургууль, нийгмийн үүрэгтнүүдийн хариуцлага байхаас гадна улс орны хууль, зохицуулалтын бодлогын төвд байх ёстой. Тамхины борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, орчин үеийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх нь зөвхөн хүүхдийг хамгаалаад зогсохгүй нийгэмд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.