"Ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ" гэж мэдэгдлээ

"Ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ" гэж мэдэгдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанд  Сангийн сайд Б.Жавхлан оролцох үеэрээ “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг ирэх онд 6 хувиар нэмэхээр тооцсон” хэмээн мэдэгдсэн аж.

Тодруулбал тэрбээр "Одоогийн байдлаар 226.2 мянган төрийн албан хаагч бүртгэлтэй ба цалин урамшууллыг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулсан. Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс дунджаар 40 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс  20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмсэн. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмж олгож байгаа юм. Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байна" гэлээ.

Мөн ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг УИХ-ын байнгын хороодын түвшинд хэлэлцэгдэж байна.