Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж “Эцэг, эхийн ачийг хариулах нь” сэдвээр сурагчдад сургаал айлдлаа

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж “Эцэг, эхийн ачийг хариулах нь” сэдвээр сурагчдад сургаал айлдлаа

Бурхан багшийн “Эхийн ачийг хариулах өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд 11:00- 12:30 цагийн хооронд “Эцэг, эхийн ачийг хариулах нь” сэдвээр МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Нийслэлийн 77 дугаар сургуулийн сурагчдад ном сургаал айлдлаа.

Тодруулбал бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг ажээ.