Италийн Ром, Милан, Венец рүү Монголоос шууд нислэг үйлдэхээр боллоо

Италийн Ром, Милан, Венец рүү Монголоос шууд нислэг үйлдэхээр боллоо

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас зохион байгуулж буй “ICAN 2024” Агаарын хэлэлцээрийн арга хэмжээ аравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо үргэлжилж байна.

Энэхүү “ICAN-2024” арга хэмжээнд нийт 83 улс, хоёр олон улсын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. “ICAN-2024” арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Итали Улс болон Бүгд Найрамдах Руанда Улсын төлөөлөлтэй агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Агаарын харилцааны энэхүү хэлэлцээрүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Бүгд Найрамдах Итали болон Бүгд Найрамдах Руанда улстай агаарын тээврийн харилцааг шинэ шатанд гаргах чухал үйл болж байна. Мөн олон улсын нисэхийн салбарт Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх, тус улсуудтай худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Бүгд Найрамдах Итали улсын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон 2 цэг тодорхойлохоор тохирлоо. Бүгд Найрамдах Руанда улсын хувьд цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тохирно. Талууд хоёр улсын хооронд агаарын харилцааг хөгжүүлж, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө