Сүхбаатар чиглэлийн автозамыг өнөөдөр өглөө нээсэн бол Сэлэнгэ чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Сүхбаатар чиглэлийн автозамыг өнөөдөр өглөө нээсэн бол Сэлэнгэ чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Өчигдөр /2024.10.20/ орсон их хэмжээний цасан шуурганы улмаас ихэнх зам мөстөж зорчих боломжгүй болсон тул зарим замыг хаасан байна.

Иймд бид Авто тээврийн үндэсний төвөөс аль аль чиглэлийн авто замыг хаасан талаар тодруулахад, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу явах хөдөлгөөнийг өчигдөр 18:00 цагаас хааж, өнөөдөр өглөө 08:00 цагаас замыг нээсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ чиглэлийн зам мөстөж, хайлан онцгой нөхцөл байдал үүссэн тул өчигдөр /2024.10.20/ 19:00 цагаас эхлэн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болох хүртэлх хугацаагаар замын зорчих хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг гаргасан байна. Одоогийн байдлаар мөстсөн зам дээр халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэлтэй байгаа аж.

Түүнчлэн Говьсүмбэр аймагт цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж зорчихыг зөвлөж байна. Мөн Өлгий-Цагааннуур, Өлгий-Ховд чиглэлийн Олон улс, улсын болон орон нутгийн чанартай А/0305, А/0306 дугаартай авто замуудад халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгаа тул иргэд, жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх, тээврийн хэрэгслийнхээ зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Харин Улаанбаатар хотод хаасан зам байхгүй, авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэлээ. Харин Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдээс орон нутаг руу чиглэх хөдөлгөөн үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан шуурга шуурч байгаа тул холын замд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Б.Наранчимэг




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө