Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд монгол малын махыг худалдаалж эхэллээ

Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд монгол малын махыг худалдаалж эхэллээ

Эль-Кувейт хот дахь “Carrefour”, “Monoprix” зэрэг томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүд монгол малын махыг худалдаалж эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын экспортыг дэмжих бодлого, Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам 2022 оны долоодугаар сараас эхлэн Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр ажилласны дүнд Монголоос Кувейт Улс руу хонины сэврээсэн махыг анх удаа хоёр өдрийн өмнө ачсан байна.

Монгол Улсын хувьд өмнө нь Арабын бусад улс орнууд руу зөвхөн хөлдөөсөн мах экспортолдог байсан бол ийнхүү нарийн технологиор бэлтгэж, сэврээсэн хонины мах анх удаа экспортлож, Кувейтийн хэрэглэгчдэд хүргэлээ.

Кувейтийн мах импортлогч аж ахуйн нэгжүүд эрэлт өндөр байгаа тул цаашид долоо хоног тутам 30-100 тонн хүртэлх хонины сэврээсэн махыг монголоос импортлох төлөвлөгөөтэй байгааг мэдээлж, халал мах экспортлох боломжтой хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамнаас цаашид Ойрх Дорнодын бусад орон руу халал аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, мөн Монгол Улсаас Булангийн орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах аж.