Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо.
Энэ үеэр эх орондоо ирж чадахгүй 27 жил Пакистанд амьдарсан Монгол Улсын иргэн С гэх эмэгтэйн асуудал шийдэгдэж, эх орондоо ирэхээр болжээ. Тодруулбал, тэрбээр 1997 онд ОХУ-д сурч байхдаа Пакистан хүнтэй гэр бүл болж, анх тус улсад очсон байна. Харамсалтай нь нөхөр нь бурхан болсны дараа буцаад эх орондоо ирэх боломжгүй болжээ. Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд тус иргэнтэйгээ холбоотой ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сард хоёр хүүхдийг нь Монголд авчирсан байна. Мөн Пакистан Улсад өнөөдрийн байдлаар 3 Монгол иргэн амьдарч байгаа юм.