Малын зүй бус хорогдол хоёр дахин нэмэгджээ

Малын зүй бус хорогдол хоёр дахин нэмэгджээ

Улсын хэмжээнд 2024 оны эхний есдүгээр сарын байдлаар 8.1 сая толгой мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 4.2  саяар  нэмэгдсэн үзүүлэлт гэж ҮСХ-оос мэдээллээ.

Хорогдсон нийт том малын 0.3 хувь   нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг бусад шалтгаанаар хорогдсон бол 99.6 хувь нь аюулт үзэгдлээр, 0.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна. Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 4.4 сая, ямаа 2.6 сая, үхэр 701 мянга, адуу 459 мянга, тэмээ 5.9 мянган толгой тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 53 хувийг хонь, 31 хувийг ямаа эзэлж байна.

Бүс нутгаар нь ангилж харвал, Сүхбаатар аймагт 1.8 сая мал, Хэнтий аймагт 1 сая , Архангай аймагт 953 мянга, Төв аймагт  726 мянга, Дорноговь аймагт 615 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 63.0 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30.0 сая хээлтэгч малын 2.6  сая нь    эхний 9 сард хорогдсон байна. Сүхбаатар,  Хэнтий, Төв, Архангай, Дорноговь  аймагт  хээлтэгч мал 210-746 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 73 хувийг эзэлж байна.

Б.Наранчимэг