М.Энхтүвшин: Салон орж амждаггүй хүмүүст зориулан Монголын анхны “Явуулын үсчний газар”-ыг ажиллуулж эхэлсэн

М.Энхтүвшин: Салон орж амждаггүй хүмүүст зориулан Монголын анхны “Явуулын үсчний газар”-ыг ажиллуулж эхэлсэн

Хүмүүсийн цаг завыг хэмнэх зорилгоор шинэ зүйл сэтгэж, гаднын орны жишгийг даган “Явуулын үсчний газар”-ыг ажиллуулж буй ажилсаг залуу М.Энхтүвшинг бид энэ удаад онцлон ярилцлаа. Тэрбээр үсчний салбарт 13 жил ажилласан бөгөөд Туркт мэргэжил дээшлүүлж, мастер зэргийн үсчин болжээ.

Улмаар үсчин орох завгүй эсвэл гэрээсээ гарах боломжгүй хүмүүст зориулж явдаг үсчний газраа нээгээд 10 гаруй хонож буй. Түүнд албан байгууллагууд хамгийн их дуудлага өгдөг гэнэ. Түүнчлэн үсчний газраа нээхэд зориуулж, тусгайлан машин худалдан авч, түүнийгээ өөрийн гараар засаж, тохижуулсан талаараа бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юун түрүүнд өмнө нь ажиллаж байсан туршлагаасаа бидэнд хуваалцахгүй юу?

-Үсчин мэргэжлээрээ 13 жил ажиллаж байна. Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн, мастер зэрэгтэй, 300 гаруй шавьтай.

-Яагаад явуулын үсчний газар ажиллуулах болсон талаараа болон энэ санааг хэрхэн олсон талаар яриагаа эхэлье?

-Хүмүүсийн цаг завыг хэмнэж, ажилтай эсвэл гэртээ байнгын байдаг хүмүүст зориулж энэхүү газраа нээсэн. Мөн ажлын байрыг заавал байшин дотор, үнэтэй талбай түрээсэлж бий болгох шаардлага байхгүй гэж бодсон.

Бид ажиллах талбай түрээслэхэд л сард 3 сая, жилд 30 сая төгрөг төлдөг шүү дээ. Үүнийг хэмнэе гэж л бодсон.

-Ямар хүмүүс хамгийн дуудлага өгч, үсээ зауулж байна?

-Надад үсээ засуулахаар дуудлага өгч буй хүмүүсийн ихэнх нь ажилтай, үнэхээр завгүй, өглөө ажилдаа ирж нэлээн аажуу буудаг, үсчин орох завгүй байгууллагуудын ажилчид байдаг.

-Үсээ засуулсан хүмүүсийн ихэнх нь ямар сэтгэгдэлтэй байх юм?

-“Ямар гоё үйлчилгээ вэ, ёстой хөгжсөн байна. Гоё санаа байна” гэдэг. Үсчний газраа ажиллуулж эхэлснээс хойш дуудлага ер нь л их байна. Гэхдээ өдөрт 10 хүний дуудлагыг л авна гэж төлөвлөөд орой нь маргаашийнхаа маршрутаа гаргачихдаг. 10-аас илүү дуудлага авдаггүй.

-Нийслэл хот нэлээд түгжрэлтэй шүү дээ. Дуудлага аваад ийш тийшээ явахад түгжрэл хүндрэл болж байна уу?

-Юмыг болохгүй гээд л байвал юу ч болохгүй, бүтэхгүй. Түгжрэлийг би нэг их асуудал гэж бодохгүй байгаа.

-Гаднын оронд ийм жишиг байдаг уу. Тэднээс санаа авсан уу? Мөн Монголд өөрөөс чинь өөр ийм үйлчилгээ үзүүлдэг газар бий болов уу?

-Гаднын оронд нэлээд байдаг. Тэр тусмаа Дундад Азид Track barber shop гээд голчлон эрэгтэй хүний үс засдаг явуулын үсчний газар бий. Анх би өөрөө судалж байгаад Монголд дөрвөн улирал болдог учраас орчин нөхцөлд нь тааруулж задгай биш битүү машин байсан нь зүгээр юм байна гэж бодож энэ машинаа авсан.

-Машинаа хэрхэн тохижуулсан бэ?

-Анх судалж байгаад транзит хамгийн сайн тохирох юм байна гэж бодсон. Хаалгаа хаачихдаг, доторх зай нь боломжийн учраас тохиромжтой юм байна лээ.  Өөрийнхөө явуулын үсчний газрыг бүх юмыг нь өөрөө хийж, тохижуулсан. Машин маань ачааны машин учраас дуу чимээ ихтэй. Иймд түүнийг нь дарах гэж их хичээсэн. Би өөрөө мужаан хүн биш ч гарынхаа ур дүйгээр 100 хувь өөрөө машинаа тохижуулсан даа.

-Тог цахилгаанаа хэрхэн шийдэв?

-Дотроо халаалттай. Ус, тог цахилгаанаа шийдээд, яг л халуун байранд байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр тохижуулсан.

Цаашдаа машинаа илүү сайн засварлаж, хүлээлгийн сандал нь л гэхэд массажны сандал байхаар хийх бодолтой байгаа. Хамгийн анхны явуулын үс засдаг машин маань учраас олон зүйлийг нэмж хийх шаардлагатай. Мөн 220 вольтоор тогоор шийдсэн. Телевиз үзэж, үсний синсээ ажиллуулчихна. Гэрийн тогтой ижил л гэсэн үг.

-Нэг хүний үсийг хэдэн төгрөгөөр засдаг вэ?

-Нэг хүний үсийг 20 мянган төгрөгөөр засдаг. Цаашдаа аль болох үнээ нэмэхгүй, чадвал дүүрэг болгонд нэгийг гаргах зорилготой байна. Өнөөдөр гэхэд л би нисэх, Яармагаар явах маршруттай гарч ирсэн. Машинаа өөрөө бариад ганцаараа явдаг. Үйлчлүүлж байгаа хүмүүст ч энэ нь амар. Олон хүмүүс дунд биш, хоёулхнаа байгаад, чөлөөтэй ярилцаж хүссэн хэв загвараараа засуулах боломжтой.

-Зогсоол нэлээд асуудалтай байгаа болов уу?

-Автомашины зогсоол ер нь асуудалтай. Нэг газар зогсоод ажлаа хийх гэхэд замын цагдаа ирээд яваарай гэх жишээтэй. Гэхдээ учирлаад хэлэхэд ихэнх нь ойлгодог доо.

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө