УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын санаачилсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ихэнх эмийг эмчийн хүчинтэй жороор олгох болсон нь сүүлийн үед иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Тус хууль нь 2024 оны энэ сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа бөгөөд дээрх хуулийн дагуу эмийн сангаас жоргүйгээр эм авах боломжгүй болоод байгаа юм.
Манай Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4,110 эмээс 2,800 гаруй эм жороор олгож, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруй нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгогдож байгаа ч халуун бууруулж, өвчин намдаах лааг хүртэл жороор олгоно гэх шаардлагыг тавьж буй нь иргэдийг хүндрүүлж байна гэж байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгох болсон байгаа юм.
Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр "Монголчууд эмийг замбараагүй хэрэглэдэг. Энэ хэрэглээг зохицуулах шаардлага бий. Үнэхээр хүндрэл үүсээд буй асуудлаар Хүний эмийн зөвлөл хуралдаж удахгүй шийдвэр гаргана" гэсэн юм.
ВИДЕО: