Хуурамч шатахуун, дизель түлшний гол найрлага болох керосин, нафтаг онцгой албан татвартай болгох хуулийн төслийг ирэх сард өргөн барина

Хуурамч шатахуун, дизель түлшний гол найрлага болох керосин, нафтаг онцгой албан татвартай болгох хуулийн төслийг ирэх сард өргөн барина

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барих аж. 

Тэрээр 2020 онд тус хуулийг өргөн барьж 2021 онд батлуулж байсан юм. Ингэснээр нефтийн дайвар бүтээгдэхүүн буюу керосин, нафтагаас онцгой албан татвар авдаг болсон. Тодруулбал, керосин, нафта зэрэг нефтийн үлдэгдэл бүтээгдэхүүний тонн тутамд 285 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулснаар импортыг нь хязгаарласан бөгөөд энэ өөрчлөлт нь хуурамч шатахуун, дизель түлшийг худалдаанд гаргахаас сэргийлж байсан юм. Гэтэл гуравхан жилийн дараа Үндсэн хуулийн цэц керосин, нафтаг татвартай оруулж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, энэ дүгнэлтийг нь УИХ хүлээж авснаар буцаад керосин, нафтаг хилээр татваргүй оруулж ирдэг болсон. Үр дүнд монголчууд чанаргүй шатахуун, дизель түлш ашиглах болсон юм.

Тухайн үед Цэц шийдвэрээ гаргаагүй байхад 360 вагон керосин, нафта хийлээр оруулах гээд хүлээж байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы индэр дээрээс мэдэгдэж байлаа. 

Тэрээр “Манай улсад жилд 230 мянган тонн керосин, нафта оруулж ирж хольдог. Татвар, үнийн зөрүүнээс 100 тэрбумын ашиг олдог. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх шийдвэр гаргаагүй байхад л манай улсын хил дээр 360 вагон керосин, нафта ирчихсэн хүлээж байна” хэмээн хэлж байсан билээ. Тэгвэл тэрээр дахин Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Хэрвээ энэ хуулийн өөрчлөлтийг батлуулж чадвал хуурамч шатахууны асуудал шийдэгдэх боломжтой. Манай улс жилд импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь 66 хүртэлх хувиар их байна гэдэг дүгнэлтийг Аудитаас ч гаргаж байсан. Тодруулбал, 2018 онд 48, 2019 онд 19, 2020 онд 66 хувиар импортоор авсан шатахуунаасаа борлуулсан нь давсан гэж аудитын тайланд дурдсан. Энэ нь керосин, нафтаг татваргүй оруулж ирээд чанар муутай шатахуун хийж борлуулж байгааг илтгэх нэг баримт юм. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө