Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ

Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ

Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал өнөөдөр /2024.10.15/ албан ёсоор нээлтээ хийлээ. Өндөр түвшний тус бага хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан холбогдох албаны төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан бага хурлын үеэр хэд хэдэн албан уулзалт хийлээ. Тухайлбал, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч, ноён Камал Кишоре, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн захирал хатагтай Жүүн Күнүги, Филиппин улсын гамшгийн эрсдэлийг бууруулах удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомуненотой тус тус уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцсон.

Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах улс орнуудын чадавхыг бий болгох, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн үүрэг хариуцлага, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны ололт, амжилт, дэвшилтэт арга туршлага, шинэлэг шийдэл санаачилгыг нэгэн дээвэр дор хэлэлцэн шийдвэрлэдэг томоохон арга хэмжээ юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уур, ган зудын хүндрэлийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг бууруулах бодлого үйл ажиллагааг НҮБ-аас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.