Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа

Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа

Дотоодын цэргийн байгууллагад 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирж, цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг халах ёслолын арга хэмжээг нэгдсэн байдлаар 05 дугаар ангийн байрлалд өнөөдөр (2024.10.13) зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон штабын даргын зөвлөлийн гишүүд, "JCI capital" төрийн бус байгууллагын төлөөлөл, амжилтын алхам мэргэжил сургалтын төвийн төлөөлөл оролцож хугацаат цэргийн алба хаагчдыг Дотоодын цэргийн байлдааны тугаас адис авхуулж Дотоодын цэргийн штабын даргын шагналаар алба хаагчдыг шагнаж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг амжилттай төгссөн алба хаагчдад гэрчилгээ гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Дотоодын цэргийн байгууллагаас иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлээр сурган, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог. Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хааж байгаа иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн сацуу улс орон, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаагаараа онцлог юм.

Энэ онд “Жэй Си Ай Монгол” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад “Гагнуурчин”, “Цахилгаанчин”, “Сантехникч”, “Барилгын засал, чимэглэлчин”, “Барилгын өрлөгчин”, “Хүнд машин механизмын оператор” мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өглөө. Цаашид Дотоодын цэргийн байгууллагаас Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, мөн санхүүгийн мэдлэгтэй, хуримтлалтай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.