Онцгой байдлын 19 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Онцгой байдлын 19 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 19 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал  эдгээр албан хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа  боллоо. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэхээр явж байгаа бие бүрэлдэхүүнд амжилт хүсэн, дэлхийд энх тайван тогтоох үйлсэд мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо дайчлан ажилласны үр дүнд Онцгой байдлын алба хаагчдын нэр хүнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага цаашлаад олон улсад илүү ихээр үнэлэгдэх болсон талаар онцлон тэмдэглэсэн юм.

Мөн XIV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Автын механик, дэслэгч Д.Түвшинтөгсөд Онцгой байдлын байгууллагын тугийг гардуулан өглөө. Тухайлбал үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах эд хэрэгсэл буюу объектын гал түймрийн тусгай зориулалтын хувцас хэрэглэл, дархлаа дэмжих эрүүл мэндийн багц болон бусад шаардлагатай эд хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна. Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 19 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн  гурван офицер, ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байгаа ажээ.