ВИДЕО: "Шарсан дүпү" гэх химийн найрлагатай, үнэр, амт хурц бүтээгдэхүүн ЕБС-ийн орчимд 1500 төгрөгөөр зарагдаж, хүүхдүүдийн "хямдхан" хэмээн идэж байна

ВИДЕО: "Шарсан дүпү" гэх химийн найрлагатай, үнэр, амт хурц бүтээгдэхүүн ЕБС-ийн орчимд 1500 төгрөгөөр зарагдаж, хүүхдүүдийн "хямдхан" хэмээн идэж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдаж, гарал үүсэл нь тодорхойгүй, элдэв химийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд, цахим сүлжээнд нэгэн автобусны жолооч, “хамгийн ард суудалд суусан хүүхэд үүнийг задлахад жолоо барьж буй миний хамар руу маш хурц үнэр цоргиж анхаарал сарнидаг” хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан. Тэгвэл тухайн бүтээгдэхүүн нь ямар бүтээгдэхүүн байв гэдэг нь анхаарал татаж, энэ дагуу бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

ВИДЕО:

Хурц үнэртэй, халуун ногоо бүхий бүтээгдэхүүнийг “Шарсан дүфү” хэмээн хүнсний дэлгүүрүүд худалдаалдаг байна. Харин үүний гол хэрэглэгч нь сургуулийн насны хүүхдүүд байдаг аж. Энэ ч утгаараа ЕБС-ын ойр орчимд байрлах хүнсний дэлгүүр, мухлагуудад зарах нь элбэг. Биднийг сурвалжилга хийхээр хэд, хэдэн хүнсний дэлгүүрүүдээр явахад дэлгүүрийн худалдагч нар "Хүүхдүүд ихээр авдаг учраас зардаг. Ямар амт, үнэртэй болохыг нь мэдэхгүй" хэмээгээд гарал үүслийг бичиг байхгүй гэдгийг тодотгож байлаа. 

-ХҮҮХДҮҮД "ШАРСАН ДҮФҮ"-Г ӨВӨРМӨЦ ХУРЦ ҮНЭР, АМТТАЙ, ХЯМД ҮНЭТЭЙ ГЭХ ШАЛТГААНААР АВЧ ИДДЭГ БАЙНА- 

Харин тус бүтээгдэхүүний гол хэрэглэгч болсон хүүхдүүд энэ үеэр тухайн "Шарсан дүфү"-г авч байгаатай олонтой таарсан юм. Хүүхдүүд "халуун ногоо, өвөрмөц хурц үнэртэй учраас авч иддэг. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, гарал үүсэл гэх мэт нарийн зүйлсийг мэддэггүй. Аав, ээж авч идэхийг хориглодог ч хичээлдээ явах, гадаа тоглож байхдаа нууцаар авч иддэг" гэдгээ хэлж байлаа. Тухайн бүтээгдэхүүнийг томчууд хүүхдүүддээ авч идэхийг хориглохоос аргагүй аж. Учир нь бид сурвалжилга бэлтгэх явцдаа тухайн "шарсан дүфү"-г амталж үзэхэд идэх нь бүү хэл уутыг задлах төдийд маш хурц, нэхүүн үнэр хамар, нүд цоргиж байсныг энд тодотгох нь зүйтэй болов уу. Ямартай ч ийнхүү амтыг үзвэл гашуун шорвог, маш их амтлагч бүхий хурц амттай байх бөгөөд идэх боломжгүй, үнэр нь дотор муухай оргиулж байлаа. Тиймээс бид тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг сонирхож үзэв. 

Тус бүтээгдэхүүний орц найрлагад, ургамлын тос, элсэн чихэр мөн натрийн глутатмат, диглицерийн тосны хүчил, диодийн хүчил гэх зэрэг химийн найрлага маш ихээр агуулсан аж. Гарал үүслийн хувьд БНХАУ-ынх. Тухайн улсад нэг уут нь 5 юаниар зарагддаг бол Монголд жижиг дэлгүүрүүдэд 1500-2000 төгрөгийн хооронд зардаг байна. Харин дэлгүүрүүд томоохон хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдээс 1000 төгрөгөөр бөөндөж авдаг гэдгийг хүнсний дэлгүүр, мухлагийн худалдагч нар тодотгож байлаа. 

Энэ мэт бүтээгдэхүүн нь магадгүй бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулдаг байхыг үгүйсгэхгүй юм. Учир нь сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд хорт хавдар, ходоод гэдэсний өвчлөлөөр өвчлөх нь түгээмэл болсон. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй, хурц үнэр, амттай энэ мэт бүтээгдэхүүнд мэргэжлийн байгууллагууд хараа хяналт тавьж, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд зарж буй бүтээгдэхүүнээ бусдын хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хэрхэн нөлөөлөх бол гэдгийг бодолцож ашиг орлого олдог байгаасай гэж энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө