Шадар сайд С.Амарсайхан Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хуралд оролцоно

Шадар сайд С.Амарсайхан Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хуралд оролцоно

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны хооронд зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хуралд оролцоно.

Гамшгийн асуудал эрхэлсэн сайд нарын энэ удаагийн бага хурал “Гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвх санаачилгыг Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдана. Бага хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч, ноён Камал Кишоре, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүүхдийн сангийн захирал хатагтай Жүүн Күнүгитэй тус тус уулзахаас гадна сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцоно.

Мөн Бүгд Найрамдах Филиппин Улсын дэд ерөнхийлөгч, гамшгийн болон бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн сайд нар, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцана. Тус бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн ивээл дор 2023 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа, 2025 онд Швэйцарийн Холбооны Улсын Женев хотноо “Сиднейн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэхийн өмнө зохион байгуулагдаж байгаа тул уг уулзалтаас гарсан баримт бичгийн хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын хүрсэн амжилт, шинэлэг арга замуудыг хуваалцах, гамшгийн эрсдэл хамгийн өндөр энэхүү бүс нутагт эрсдэлийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх боломжуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд төр засгийн оролцоо, идэвх санаачилга, хүчин чармайлт чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Ази, Номхон далайн бүс нутгийн энэхүү чуулган нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах улс орнуудын чадавхыг бий болгох, бататган бэхжүүлэх, төр засгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн үүрэг хариуцлага, улс төрийн амлалтыг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны ололт, амжилт, дэвшилтэт арга туршлага, шинэлэг шийдэл, инновац, сургамжийг хуваалцаж, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар гамшгийн эрсдэл, болзошгүй хохирлыг бууруулах үндсэн зорилготой юм. Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудал эрхэлсэн сайд нарын бага хурал 2018 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан.