Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь шинэ жилийн баярын цэнгүүн, Хүүхдийн баярыг 1.4 тэрбумаар зохион байгуулахаар Улсын 2025 оны төсөвт суулгажээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь шинэ жилийн баярын цэнгүүн, Хүүхдийн баярыг 1.4 тэрбумаар зохион байгуулахаар Улсын 2025 оны төсөвт суулгажээ

Шинэ жилийн баярыг угтан Сүхбаатарын талбайд мод засч, "Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээ"-г жил бүрэн зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь ихэнхдээ арванхоёрдугаар сарын 24-нөөс 31-нийг хүртэл үргэлжилж, хамгийн сүүлд он солигдох мөчид бүх оддын тоглолтоор өндөрлөдөг билээ. 

-2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ДЭЭРХ МӨНГИЙГ ТӨСӨВЛӨСӨН БАЙНА-

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ч мөн ялгаагүй. Зургаадугаар сарын  01-нд Сүхбаатарын талбайд урлагийн тоглолт мөн угтсан өөр арга хэмжээнүүд болдог. Дээрх бүх үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай. 

Тэгвэл ирэх 2025 оны шинэ жилийн баярын цэнгүүн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1,4 тэрбумаар зохион байгуулахаар болжээ. 

Тодруулбал,  2025 оны Улсын төсвийн төсөлд "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь шинэ жилийн баярын цэнгүүн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна" хэмээн бичсэн байна. 

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НЬ "УЛААНБААТАР БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ" ЧУУЛГАНЫГ МӨН НЭГ ТЭРБУМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙВ-

Цаашлаад аудитаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт хийхдээ энэ талаар дурдаж, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдэхгүй байна" гэжээ. 

Сануулахад,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2024 оны төсвийн тодотголоор "Улаанбаатар хотын төсвийг 371 тэрбумаар нэмж, Засаг даргын нөөц хөрөнгийг 4 тэрбумаар ахиулж, бордюр солих ажилд 35 тэрбумыг, эдийн засгийн чуулганыг нэг тэрбумыг суулгуулж" байсныг бид өмнө мэдээлж байв. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.14/ Төрийн ордонд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг зохион байгуулж мөн нэг тэрбум төгрөгийг зарж байсан юм. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө