"Гурил гаалиар татваргүй орж ирдэг болсон" нь Орос гурилыг дэмжиж, Монголд улаанбуудайн тарилтыг 20 хувиар бууруулж, Стратегийн хүнс гаднаас хараат болох эрсдэлд оржээ

"Гурил гаалиар татваргүй орж ирдэг болсон" нь Орос гурилыг дэмжиж, Монголд улаанбуудайн тарилтыг 20 хувиар бууруулж, Стратегийн хүнс гаднаас хараат болох эрсдэлд оржээ

Монгол Улсын хуульд стратегийн хүнс гэдгийг "монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус" гэж заасан байдаг. Харин гаднын улс орнууд стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг чухалчилж, импортын квот төдийгүй татварыг өндөр тогтоодог. Энэ нь стратегийн хүнсээ өөр нэг улсаас хараат болгохгүй гэсэн бодлого ч байхыг үгүйсгэхгүй.

-ГУРИЛ ГААЛИАР ТАТВАРГҮЙ ОРЖ ИРДЭГ БОЛСНООР ИМПОРТ 31 МЯНГАН ТОННООР НЭМЭГДЭВ-

Гэтэл энэ оны гуравдугаар сар /2024.03/-д Засгийн газраас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлуулсан. Ингэснээр малын тэжээл болоод гурил зэрэг 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн юм. Гаалийн татвараас чөлөөлөгдсөн 11 бүтээгдэхүүний мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Харин импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг ярьж, зүтгүүлсэн хүн одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа, “Улаан буудай, гурилын үйлдвэр стратегийн өндөр ач холбогдолтой ч иргэд үнэтэй гурил хэрэглэж байгаад Засгийн газар санал нийлэхгүй байна. Иймд зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох зорилготойгоор гурилын импортын татварыг тэглэсэн” хэмээн мэдэгдэж байв. 

ВИДЕО: 

Ингэснээр өнгөрөгч тавдугаар сарын 1 /2024.05.01/-ний өдрөөс эхлэн улаанбуудайн гурил, малын тэжээл импортын татваргүйгээр манай улсад орж ирэх болсон. Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал энэ оны эхний долдугаар сар /2024.07/-ын байдлаар импортын бараанаас хамгийн өндөр өссөн нь улаанбуудайн гурил байгаа юм. Тодруулбал, 2024 оны эхний долоон сарын хугацаанд 31.8 мянган тонн улаанбуудайн гурил авсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 12.6 дахин өссөн үзүүлэлт юм.

ГЕГ-аас гаргасан импортын статистик мэдээ

-ГУРИЛЫН ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛТИЙГ БУУРУУЛАХ БУС ОРОС ГУРИЛЫН БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖСЭН БОДЛОГО БОЛЖ ӨӨРЧЛӨГДӨВ-

Харин импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр дотоодод худалдаалагдаж буй гурилын үнэ “1600 төгрөг буюу 50 хувиар буурах боломжтой” хэмээн хууль санаачлагч мэдэгдэж байв. Тодруулбал,  ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгалан 2024 оны тавдугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулахдаа "Гурил, малын тэжээлийг гаалиар татваргүй оруулж ирэх тогтоол батлагдлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлээд Монгол Улсын хилээр гурил, малын тэжээл татваргүй орж ирэхээр боллоо. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, импортын улаан буудайн гурилд квот тогтоохгүй гэсэн шийдвэр гаргасан.

Ингэснээр гурилын үнэ 50 орчим хувиар буурахаар харагдаж байгаа. Гурилын үнэ буурснаар хэрэглээний сагсанд байгаа гурилан бүтээгдэхүүнүүдийн үнэ буурч, дагаад инфляц буурна" хэмээн мэдэгдэж байв.

Гэтэл гурилын үнэ манай зах зээл дээр бараг буураагүй төдийгүй манайд орж ирэх орос гурилын борлуулалтыг дэмжсэн бодлого болсон гэхэд болно. Тодруулбал, ОХУ-аас манай улсад орж ирэх гурилын импорт нэмэгдэж монгол гурилаас 300 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж эхэлсэн. Тухайлбал, монголд үйлдвэрлэсэн дээд гурил нэг кг нь 2800 төгрөг бол орос дээд гурил 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

-ГУРИЛ ГААЛИАР ТАТВАРГҮЙ ОРЖ ИРЭХ БОЛСНООР МАНАЙ ДОТООДОД УЛААНБУУДАЙН ТАРИЛТ 20 ХУВИАР БУУРЧЭЭ-

Тэгвэл гурил гаалиар татваргүй орж ирдэг болсноор манай дотоодын улаан буудайн тарилт 20 хувиар багссан гэдгийг ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаяр саяхан мэдэгдлээ. Тэрээр, “Стратегийн нөөц бүрдүүлэх зорилготойгоор 2025 оны Улсын төсөвт 100 мянган тонн үр тарианы нөөц бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн хаврын шийдвэртэй холбоотойгоор тарилт 20 хувиар буурч, 56 мянган га-аар үр тарианы тарилт багсаад байна. Тариаланчид энэ байдлаараа цаашид үргэлжилбэл ирэх онд үр тариа, улаан буудай тариалах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд “хугацаагүй” батлагдсан хуулийн үйлчлэлийг “хугацаатай” болгох хэрэгтэй. Аравдугаар сарын 01 гэхэд квотын хязгаарлалтгүйгээр орж ирж буй гурилын импортыг зогсох хуулийн төсөл дээр санал авч байна” гэж мэдэгдсэн юм.

ВИДЕО:

Тодруулбал, Монгол Улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 мянган тонн ба үүнээс гурилын хэрэгцээнд жилдээ 240 мянган тонныг зарцуулдаг байгаа юм. Харин гаалийн татваргүй гурилыг хугацаагүйгээр оруулж ирэх шийдвэр гарахад гурил үйлдвэрлэгчид үндэслэлгүйгээр үнэ нэмсэнтэй холбоотой хэмээн тайлбарладаг. 

Улаанбуудай ба гурилын үнэ

Тухайлбал, 1 кг улаанбуудай 2020 онд 883 төгрөг, 2021 онд 952 төгрөг, 2022 онд 1040 төгрөг, 2023 онд 1285 төгрөг байсан байдаг. Гэтэл үйлдвэрлэгчид гурилын үнийг 2022, 2023 онд огцом нэмж тариаланчдаас улаанбуудайг 1040-1285 төгрөгөөр авсан хэр нь 1 кг гурилыг 2070-2426 төгрөгөөр буюу хоёр дахин өндөр үнээр худалдаалж эхэлсэн гэдэг.  Харин улс төрчид үүнийг далимдуулж гурилыг гаалийн татваргүй, квотгүйгээр оруулж ирэх шийдвэрийг гаргасан нь орос гурилын борлуулалтыг дэмжсэн, улаанбуудайн тарилтыг дотооддоо бууруулжээ. Улмаар стратегийн хүнсээ аль нэг улсаас хараат болгох эрсдэлийг бий болгосон байна.