Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатар одонгоор шагнажээ

Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатар одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдралын төлөөх дайчин замнал, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасан аж.

Тодруулбал энэ үеэр улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын орчин эгзэгтэй байсан 1930, 1940-өөд онд хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, төр, нийгмийн аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж, эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд тус сургууль үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Мөн Цаашид тус сургууль хөгжлийнхөө стратеги, хүрэх үр дүнгээ оновчтой тодорхойлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг албан хаагчдыг бэлтгэх, шинжлэх ухаан,  технологи, сургалт-үйлдвэрлэлийн материаллаг баазаа улам бүр бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн аж. Тухайлбал дотоод хэргийн их сургууль 60 мянга гаруй албан хаагч бэлтгэсэн бөгөөд өдгөө харьяа 12 салбар сургуульд мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж, 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэн, олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандарт нэвтрүүлж байна.