Сэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо

Сэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Нийт 158 га газрыг хамрах 12 мянган айлын орон сууц бүхий Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил энэ намар эхлэх бөгөөд нэгдүгээр ээлжийн 1100 гаруй айлын орон сууц 2025 онд ашиглалтад орно.  

Энэ хүрээнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бүрэн зураглалыг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд олноор цугладаг томоохон зах, худалдааны төв, автобусны буудал орчимд “Сэлбэ шинэ дэд төв” гэх бичигтэй автобус цагийн хуваарийн дагуу байрших юм. Уг автобусаар зочлон VR технологийн тусламжтай дэд төвийн хүрээнд барих иргэдийн амьдрах орон сууц, орон сууцны дотоод засал, өрөөний зохион байгуулалт, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газар зэрэг бүрэн зураглалтай танилцах боломжтой. Өөрөөр хэлбэл иргэд Сэлбэ дэд төвд биечлэн зочилсон мэт бодит мэдрэмжийг VR технологийн тусламжтайгаар авах нөхцөл бүрджээ.

Ташрамд, тус автобус өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 4, 5-нд Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн автобусны буудал орчимд байрлах аж.