БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ “2024 БНСУ-ын Үндэсний баяр”арга хэмжээ зохион байгууллаа

БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ “2024 БНСУ-ын Үндэсний баяр”арга хэмжээ зохион байгууллаа

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас 10 сарын 02-ны өдөр БНСУ-ын “Үндэсний баяр"- ын хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Монгол улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Америк, Япон, Чех, Хятад, Энэтхэг, Канад, Австрали, Вьетнам, Лаос улсын элчин сайд болон Батлан хамгаалахын атташе нар, Монголд суугаа Солонгос иргэдийн төлөөлөл зэрэг нийт 350 гаруй зочид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: “БНСУ болон Монгол Улс нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш эдийн засаг, худалдаа, улс төр, соёл гэх мэт олон салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. 2021 онд манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэлийн түвшин"-д Дэвшин хөгжсөнөөр хоёр орны хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүүтэй идэвхжин хөгжиж байна.

Ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. БНСУ-ын хувьд богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрч чадсан хөрш орны хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн найдвартай түнш нь болж, Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө оновчтой стратегийг тодорхойлоход нь хувь нэмэр оруулахын төлөө байх болно" хэмээв.

Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон:

"Эрхэм хүндэт Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал болон Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурлыг төлөөлөн өнөөдөр хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон Улсын байгууллагын тэргүүнүүд, мөн Монгол Улсад оршин сууж буй нутаг нэгт солонгос ахан дүүс болон эрхэм хүндэт хатагтай, ноёдоо,

Үнэт цаг заваа зориулан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний баярыг хамтдаа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Солонгос үндэстний өвөг дээдэс Дангүн “Хун Иг Ин Ган” буюу ард нийтийн сайн сайхны төлөөх үзлийг дэлгэрүүлж, нэгдмэл нэг үндэстнээс бүрдсэн төрт улсыг эрхшээсэн буюу “Тэнгэр нээгдсэн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр төдийгүй Солонгос-Монголын найрамдлыг бэлэгшээн тэмдэглэж ирсэн өдөр билээ. Энэхүү утга төгөлдөр өдрийг та бүхэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын баяртай байна.

          БНСУ болон Монгол Улс нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон цагаас хойш эдийн засаг, худалдаа, улс төр, соёл гэх мэт олон салбарт иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Манай хоёр орон хэл соёл, түүхийн талаас ижил төстэй, газар зүйн хувьд ойрхон, эрх чөлөөт ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг хэмээх нэгдмэл үнэт зүйлс бүхий орнууд билээ. Тэр тусмаа хоёр улсын ард иргэд бие биентэйгээ оюуны санааны хувьд гүн гүнзгий холбоотой. 2021 онд манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэлийн түвшин”-д дэвшин хөгжсөнөөр хоёр орны хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүүтэй идэвхжин хөгжиж байна.

Дээд, өндөр түвшний харилцаа тасралтгүй үргэлжилж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд БНСУ-д албан ёсоор айлчилсныхаа дараа тун удалгүй энэ оны 4 сард дахин айлчилсан бол, өнгөрсөн болон энэ онд зохион байгуулагдсан НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр улсын төрийн тэргүүн болон гадаад харилцааны сайд нарын уулзалт тус тус амжилттай болж өнгөрсөн. Өнөөдөр бидний баярыг хуваалцахаар хүрэлцэн ирсэн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тухайн үед Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хувиар БНСУ-д айлчилсан бол түүний дараа 9 сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд мөн адил Солонгост айлчилсан. Түүнчлэн Солонгосын талаас Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд, Хүний нөөцийн удирдлагын сайд болон Хойд Гёнсан мужийн захирагч айлчилсан зэргээр олон салбарт дээд, өндөр түвшний харилцаа хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байна.

Эдийн засгийн харилцаа мөн адил эрс нэмэгдэж байна. Хоёр орны хоорондын гадаад худалдааны хэмжээ 1990 онд дипломат харилцаа тогтоож байх үед ердөө 2 сая 700 мянган ам доллар байсан бол 2023 онд 540 сая ам долларт хүрч 200 дахин өссөн үзүүлэлттэй байна. Одоогоор хэлэлцээрийн шатанд явж буй Солонгос, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) эцэслэгдэн батлагдсанаар хоёр орны хоорондын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ улам нэмэгдэнэ хэмээн найдаж байна.

Юун юунаас илүүтэй хоёр улсын харилцааны гол хөшүүрэг болох иргэд хоорондын харилцаа нэн идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд Монгол Улсыг зорин ирсэн солонгос иргэдийн тоо 140 мянгад хүрсэн бол энэ онд уг үзүүлэлтийг давж түүхэн дээд амжилтыг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй адилаар өнгөрсөн онд Солонгост зорчсон монгол иргэдийн тоо ч ялгаагүй 140 мянгад хүрч, БНСУ нь Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг гадаад улс болсон. Мөн сүүлийн үед К-Попын алдартай одуудын тоглолт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, К-Поп, К-Кино, К-Драма зэрэг солонгосын соёлыг шимтэн сонирхдог Монгол залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

Ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Хүнээр авч үзвэл эрч хүч дүүрэн залуу үеэ өнгөрүүлж, илүү бодит амжилтыг бүтээх идэр насанд хүрнэ. Сүүлийн үед Монгол Улс нь урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ийг хэрэгжүүлж байна. БНСУ-ын хувьд богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрч чадсан хөрш орны хувьд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн найдвартай түнш нь болж, Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө оновчтой стратегийг тодорхойлоход нь хувь нэмэр оруулахын төлөө байх болно. Тухайлбал хоёр орны харилцаанд бэлгэдэл болохуйц мега төслөөс авхуулаад ард түмний амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц хамтарсан төслийг хэрэгжүүлэх зэргээр илүү цаг үеэ олсон, бодит хэлбэрээр хамтран ажиллах болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь БНСУ-ын хувьд Монгол Улсын гуравдагч хөршүүдээс хамгийн ойр хөршийн хувиар Солонгос, Монгол хоёр орны гэрэлт ирээдүйг бүтээхийн төлөө бүхий л талаар хүчин чармайлт гаргах болно. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн анхаарал хандуулан, дэмжиж ажиллахыг хүсье. Төгсгөлд нь БНСУ-ын Үндэсний баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин гүн талархал илэрхийлье." хэмээн “Солонгосын үндэсний баяр-2024"-т зориулсан хүлээн авалтыг нээж үг хэллээ.