Эрчим хүчний хөрөнгө оруулалтын талаар ярилцав

Эрчим хүчний хөрөнгө оруулалтын талаар ярилцав

 “Монгол Улс-АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ” форум Гадаад харилцааны яаманд болж, эрчим хүчний хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

Форумын үеэр АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон хэвлэлийнхэнд өгсөн ярилцлага өгсөн юм.

Тэрбээр, “Монголд анх удаа, АНУ, Многолын хооронд эрчим хүчний яриа хэлэлцээ хийхэд оролцохоор ирсэндээ баяртай байна. Энэ айлчлал нь АНУ-аас Монголд хийсэн нэлээн хэдэн өндөр түвшний айлчлалын үргэлжлэл юм. Мөн АНУ-ын дэд сайд ирж чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Вашингтонд айлчлах үеэр уулзахад, Монголд эрчим хүчний яриа хэлэлцээ хийе гэсэн шийдэлд хүрсэн. Энэ үеэр Монголд цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай хэлэлцэнэ. Мөн, өнгөрсөн онд гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд чухал ашигт малтмалын салбарт яриа хэлэлцээ хийнэ. АНУ чухал ашигт малтмалын нөөцийг тодорхойлоход техникийн туслалцаа үзүүлнэ. Өчигдөр Оюутолгойн уурхайд очих завшаан тохиосон. Өндөр түвшинд ажилладаг, дэлхийд зэс нийлүүлдэг том уурхай юм. Хүрээлэн буй орчны хувьд тогтвортой өндөр түвшний стандарт нэвтрүүлж, олон хүнийг ажлын байраар хангаж байгааг харлаа. Энэ удаа хориод төрлийн яриа хэлэлцээр хийсэн. Яриа хэлэлцээ нь хоёр асуудлыг багтаадаг. Эхнийх нь хувийн байгууллагатай уулзаж, эрчим хүчний хөрөнгө оруулах, удаах нь төрийн байгууллагатай уулзаад, цэвэр эрчим хүчний шилжилт хэрхэн хийх, хөрөнгө оруулалт яаж татах тухай ярилцдаг. Түүнчлэн, эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг тул энэ салбарын бүсгүйчүүдтэй уулзаж, тэдний оролцоог дээшлүүлэх талаар ярилцана. Монголд эрчим хүчний боломжууд их байгаа нь харагдаж байна. Дэлхийд хоёрт орох салхины эрчим хүчний нөөцтэй. Иймд Монгол Улсын Засгийн газар, ард иргэд хувийн хэвшилтэй хамтраад шийднэ” гэлээ.

Тус форум нь Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хүртээмжийг өргөжүүлэх хамтын шийдлийг боловсруулах зорилготой. Түншлэлийн хүрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчний сүлжээ, бусад эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэх, эрдэс баялгийн тогтвортой хөгжлийг дэмжихийг зорьж байна.