АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэнэ

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэнэ

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Охайо муж улсаас сонгогдсон сенатч Жэймс Дэвид Вэнс, Миннесота мужийн захирагч Тим Уолц нар албан ёсоор нэр дэвшсэнээс хойшхи анхны мэтгэлцээнээ өнөөдөр хийнэ.

CBS телевизээс зохион байгуулж буй мэтгэлцээн Нью-Йорк хотноо болох бөгөөд 90 минут үргэлжлэх юм. Америкийн бүх томоохон телевизийн суваг зүүн эргийн цагаар 21:00 цагаас эхлэн хоёр удаагийн сурталчилгааны завсарлагатайгаар шууд дамжуулах мэтгэлцээнийг CBS-ийн сэтгүүлч Нора О'Доннелл, Маргарет Бреннан нар хөтлөх бөгөөд мэтгэлцэх сэдэв, асуултуудыг улстөрчдөд урьдчилан өгөхгүй ажээ.

Өдгөө 40 настай Вэнс, 60 настай Уолц нарын мэтгэлцээн зохион байгуулах талаар наймдугаар сард тохиролцсон бөгөөд эл мэтгэлцээн нь ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сүүлчийн мэтгэлцээн болж магадгүй байна. Тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нарын анхны халз мэтгэлцээн есдүгээр сарын 10-нд болсон билээ.

Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын сонгуулийн штабууд 11 дүгээр сарын 5-нд сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдээд байгаа үед дахин мэтгэлцээн явуулах эсэх талаар одоогоор тохиролцоогүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт улс даяар хэд хэдэн муж улсад хэдийнэ эхлээд байгаа юм.

Телевизийн мэтгэлцээнд оролцогчид хөтлөгчийн асуултад хоёр минутад багтаан хариулах бол өрсөлдөгчийнхөө тайлбар дүгнэлтийг нэг минутад багтаан няцаах аж. Мэтгэлцээнийг нээж үг хэлэхгүй. Улстөрчдөөс асуух асуултуудыг Бреннан, О'Доннелл нар тавина. Хөтлөгч нар мөн тодруулга хийх шаардлагатай бол дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд нэмэлт минут өгөх эсэхийг шийднэ. Вэнс, Уолц нар мэтгэлцээний төгсгөлд хийх мэдэгдлээ хоёр минутад багтаах ёстой бөгөөд сугалааны дагуу Бүгд найрамдах намын нэр дэвшигч мэтгэлцээнийг хаана.