Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын ажил  80 хувийн гүйцэтгэлтэй байна

Багануур дүүрэгт баригдаж буй батарей хуримтлуурын станцын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Багануур дүүрэгт 5 га талбайд 50 мвт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Ирэх 11-р сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй батарей хуримтлуурын станцын барилгын ажил одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус станцыг барьснаар эрчим хүчний өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх, байгаль орчинд ээлтэй буюу хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Нүүрсээр ажилладаг станц 24/7 асаалттай байдаг. Тухайлбал, ДЦС-4 нь хэрэглээ багатай шөнийн цагт эрчим хүч үйлдвэрлэж хий алдаад, орой 5-9 цагийн оргил ачаалалтай үед ачааллаа дийлэхгүй тохиолдол гардаг. Тиймээс Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдөр оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй болно гэсэн үг юм. Цаашид, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж байна” гэлээ.

Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн”компани гүйцэтгэхээр болж, энэ сарын эхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллаж байна. БНХАУ-ын “Энвижн"компанийн олон улсын төслийн захирал Ховард Жин “Манай компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй Багануурын дэд станцын дэргэдэх 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай эрчим хүчний хуримтлуур станцын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Бид өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө энэхүү станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн мэдээллээ. 

Батарей хуримтлуурын станцыг барих ажлын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажил тус тус хийгдэж байна. Мөн одоогоор Монгол улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг нь орж ирээд байгаа бөгөөд удахгүй суурилуулалтын ажил хийгдэх юм байна. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулах боломжтой байдаг. Үүнээс гадна засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийснээр батарейн станц нь 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтой юм байна.