Онон голд автомашинтайгаа живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Онон голд автомашинтайгаа живсэн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

Энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагийн орчимд 66 настай Б /жолооч/ болон 58 настай И нар автомашинтайгаа живсэн гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. 

Тэд Хэнтий аймгаас 218 км-ын зайд Батширээт сумын Онон гол дээгүүр "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашинтайгаа гарч яваад ийнхүү живжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд энэ сарын 18-ны өдрийн 06:40 цагт  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн. 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул өчигдөр 18:00 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.