Шөнөдөө хасах градуст хүрч, хүйтэрч байгаа тул зам засварын ажлыг өдрийн цагаар хийхээр болжээ

Шөнөдөө хасах градуст хүрч, хүйтэрч байгаа тул зам засварын ажлыг өдрийн цагаар хийхээр болжээ

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан.

Тэгвэл энэ долоо хоногт цаг агаар шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас замын ажлыг өдрийн цагаар явуулахаар болсон байна. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, "Өнгөрсөн хугацаанд дандаа амралтын өдрүүдээр гол замуудыг хааж, засаж байсан бол энэ долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү орж, хүйтэрч байгаа учраас өдрийн цагаар зам засварын ажлыг яаравчлуулах хэрэгтэй болсон. Хасах хэмд асфальт хучилт авах боломжгүй байдаг. Цаг агаараас гадна 4-5 байршилд зам хаахаар ажиллах хүч, техник хэрэгсэл дутдаг. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан замын ажлыг өдрийн цагаар хөдөлгөөнийг аль болох эергээр зохицуулж явуулж байна. “Маршалын гүүрэн дээрх асфальт бетон хучилтыг хуулаад байна” гэж хүмүүс асуусан байсан. Үүнд хариулт болгож хэлье. Замыг засахад гүүрийг стандартад нийцүүлэхийн тулд асфальт бетон хучилтын өнгө үеийг хуулж, шинээр дэвсдэг. Өмнө нь ч гэсэн бүх гүүрийг үүнтэй адил засаж байсан” гэв.