Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 09-р сарын 21-23-нд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймагт ажиллаж байна. Баруун таван аймгаас орон нутгийн томилолтоо эхлүүлсэн тэрбээр өнгөрсөн ням гарагт Увс аймгийн Улаангом хотноо Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ.

Мөн аймаг бүрт орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, 126 гишүүнтэй шинэ парламентын ирэх дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж байна. Түүний хэлснээр, шинэ УИХ стратеги төлөвлөгөө боловсруулж, хууль эрх зүйн “Гурван төгөлдөршил” буюу “хүн төвтэй”, орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Монгол Улсад 880 хууль, түүнээс гурав дахин их журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг хууль биш, төрийн байгууллага, албан тушаалтан зохицуулахад хүрсэн. Энэ нь хуулийг үзэмжээр хэрэгжүүлэх, хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсгэж болзошгүй тул УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. УИХ-ын намрын ээлжит чуулганаар 18 ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлж, шийдвэр гаргана. Эхний байдлаар 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчил бүхий 800 гаруй зүйл, заалт илэрсэн. Дампуурлын тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай зэрэг хуулийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагаар шинэчлэн зохицуулна. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ нэг тойргоос сонгогдсон гишүүд хамтарч тухайн бүс нутгийн хөгжилд анхаарч ажиллана. Баруун бүсийн аймгуудад 4700 км автозам тавьж, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийснээр Евроазийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэх боломжтой хэмээн УИХ-ын дарга онцолжээ.

УИХ-ын даргын албан томилолт үргэлжилж байна.