Онон голд автомашинтайгаа живсэн хоёр иргэний нэгнийх нь цогцсыг олж, машиныг нь татан гаргажээ

Онон голд автомашинтайгаа живсэн хоёр иргэний нэгнийх нь цогцсыг олж, машиныг нь татан гаргажээ

Энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагийн орчимд 66 настай Б /жолооч/ болон 58 настай И нар автомашинтайгаа живсэн гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Тэд Хэнтий аймгаас 218 км-ын зайд Батширээт сумын Онон гол дээгүүр "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашинтайгаа гарч яваад ийнхүү живжээ. 

 Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд энэ сарын 18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тассагт шилжүүлэн өгсөн байна. Харин зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.  Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг өчигдрийн 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоож өнөөдөр өглөө 07.30 цагаас үргэлжлүүлж байна.