Б.Оюу-Эрдэнэ: "Чамайгаа оллоо” дууг мэдрэмжиндээ хөтлөгдөөд дуулсан. Олны анхаарал татна гэж бодоогүй /ВИДЕО/

Б.Оюу-Эрдэнэ: "Чамайгаа оллоо” дууг мэдрэмжиндээ хөтлөгдөөд дуулсан. Олны анхаарал татна гэж бодоогүй /ВИДЕО/

Нэгэн цагт Монгол түмнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж байсан дуучин А.Эрдэнэцэцэгийн “Чамайгаа оллоо” дууг мэдэхгүй ховор биз ээ. Тэгвэл ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн “Чамайгаа оллоо” дууг өөрийн донж, хэв маягт тохируулан эвлэгхэн дуулж буй нэгэн охины бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татсан юм. Иймд бид түүнийг "Social ID"  булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.

Түүнийг Б.Оюу-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд төрж өссөн бөгөөд цэцэрлэгт байхаасаа дуулж эхэлжээ. Түүний авьяасыг эмээ нь багаас нь дэмждэг байсан ба одоог хүртэл түүний дуулахдаа өмсөх хувцасыг эмээ нь оёж өгдөг гэнэ. Б.Оюу-Эрдэнэ нь Монгол улсын консерварторид хоёр жил суралцаад, одоогоор ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн академд дуурийн дуучны мэргэжлээр магистрийн зэрэгт суралцаж байна. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Ард түмний сэтгэлд хоногшсон “Чамайгаа оллоо” дууг дуулж, олны анхаарлыг багагүй татлаа. Анх энэ дууг дуулах болсон түүхээс яриагаа эхэлье?

-Энэ дууг Өвөр Монголд хоёр жилийн өмнө амралтаараа очиж ажиллаж байхдаа дуулж байсан. Тухайн үед хуучин ажиллаж байсан газрынхаа тайзнаа дуулах боломж олдсоноор "Чамайгаа оллоо" дууг дуулсан юм. Энэ дууны аяийг сонсоход цаанаасаа л нэг тийм гоё мэдрэмж авч, өөрийн эрхгүй дотоод сэтгэлийг огшоодог юм билээ. Тэгээд л тухайн үед мэдрэмжиндээ хөтлөгдөөд дуулчихсан нь олны анхаарлыг татна гэж бодоогүй. Миний дуулж буй бичлэгийг манай найз бичээд сошиалд тавьсан байсан. Тэр бичлэг нь Хятадын тик ток сүлжээнд хүртэл нэлээд хандалт авсан.

-Үзэгчдээс ямар сэтгэгдэл хамгийн их ирэв. Өөрт чинь ямар санагдсан бэ?

-Ихэнх нь урмын үг байсан. Гэхдээ зарим нь “Жинхэнэ дуулсан дуучныхаа хумсны толионд ч хүрэхгүй байна” гэсэн байсан. Түүнийг уншаад мэдээж би тэр мундаг дуучны хаана нь ч хүрэхгүй шүү дээ гэж бодоод л өнгөрсөн дөө.

Мөн эсрэгээрээ “уг дуучинтай нь ийм дөхүүлж адилхан дуулсан хүн байхгүй. Маш сайн дуулжээ” гэх эерэг сэтгэгдлүүдээс их урам авч байлаа.

-Аав ээж нь дуулдаг байв уу? Дуучин болох сэдэл хаанаас эхлэлтэй вэ?

-Миний хувьд бага байхдаа МУГЖ Төмөрийн Ариунаа эгчийгээ их сонсож, ийм л дуучин болно гэж боддог байлаа. Цэцэрлэгт байхад манай ангийн багш мандилин хөгжим дараад намайг дуулуулдаг байсан нь миний хамгийн сайхан дурсамж. Мөн тэр үеэс хойш л би их дуулах дуртай болсон санагддаг. Үүнд бас эмээгээ дурдахгүй өнгөрч болохгүй. Манай эмээ миний дууг давтуулж, дуулахдаа өмсдөг хувцсыг маань одоог хүртэл оёж өгдөг. Арван жилд байхдаа уртын дуучин болно гэж боддог байлаа.

Тухайн үед манай аймагт тавигдсан “Сарьсан багваахай” гэж дуурийг үзэхэд хувцас хэрэглэгдэхүүн, дуурьт өгүүлэгдэж буй үйл явдал гээд бүх зүйл нь таалагдаж, намайг шууд л дуурийн дуучин болно гэдэг шийдвэрт хүргэж байсан даа.

-Цаашдаа аль төрөл жанраар уран бүтээл гаргах вэ?

-Миний хувьд дуурийн дуугаа дуулаад явна. Гэхдээ манай ах дүү, гэр бүлийн зүгээс "бидэнд зориулсан зохиолын уран бүтээл гаргана биз дээ" гэсэн хандлагатай байгаа учраас миний хувьд гэр бүл, нутаг усандаа зориулж өөрийн гэсэн уран бүтээл гаргахыг хүсдэг.

-Таны цаашдын зорилго, төлөвлөж байгаа ямар ажил байна. Бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний хувьд одоо үргэлжлүүлэн Гнесиний нэрэмжит хөгжмийн академийн магистрийн зэргээр суралцах гэж байна. Эхний ээлжинд сургуулиа амжилттай төгсөж, маш сайн суралцахыг урьтал болгоод явж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.