М.Оюунчимэг: Хөгжлийн банкнаас авсан зээлээ Гарамжав,  М.Билэгт хоёр л төлсөн. Төлөөгүй хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм

М.Оюунчимэг: Хөгжлийн банкнаас авсан зээлээ Гарамжав, М.Билэгт хоёр л төлсөн. Төлөөгүй хүмүүсийг яагаад шалгахгүй байгаа юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс санал болгож зөвшилцөхөөр оруулж ирсэн Улсын Ерөнхий прокурорын орлогчоор хуульч О.Машбатыг томилох асуудлыг хэлэлцэж, олонх нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар өчигдөр АТГ-аас баривчилсан Ц.Гарамжавтай холбоотой асуудлыг тодруулж, хууль хүчний байгууллагууд бизнесийн байгууллагуудыг айдаст автуулж, бизнес хийснийх нь төлөө тэднийг барьж хориод байдаг буруу жишиг тогтоож байна, ийм асуудлуудад хэрхэн хандаж ажиллахыг Ерөнхий прокурорын орлогчоор томилогдож буй О.Машбатаас асуулаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Би Гарамжав гишүүний асуудлыг хөндөх гэсэн юм. УИХ-д бизнесийн салбараас орж ирсэн зарим хүн УИХ-д орж ирээд хувийн бизнесээ бодоод гүйчихдэг. Харин Ц.Гарамжав гэдэг хүн тэгж байхыг хараагүй, тэгдэг ч үгүй айсан. Аливаа асуудалд улс эх орны эрх ашгаас ханддаг байсан. Эдийн засгийн байнгын хороонд хамт ажиллаж байсан. Өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын бизнес эрхлэгчид тэр чигээрээ айж байна. Хоёрт гайхаж байна. Хэрвээ Хөгжлийн банкны асуудалтай холбож байгаа бол Хөгжлийн банкнаас зээл аваад, төгрөг, ам.долларын ханшаас асар их алдагдал хүлээсэн хүмүүсийн нэг Гарамжав, Монполимет компани юм байна лээ. Гэсэн хэдий ч тэд цементийн үйлдвэрээ барьчихсан. Тэгээд Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлсөн хоёрхон хүн байдгийн нэг нь Гарамжав, нөгөө нь М.Билэгт. Энэ хоёр эмэгтэй авсан зээлээ хүүтэй нь төлөөд өргүй явж байгаа юм байна лээ. Гэтэл зарим нь төлөх битгий хэл, цайрчихсан явна. Тэгвэл яагаад энэ хүмүүсийг барьж хорьдоггүй юм бол оо. Эмэгтэй хүнд хатуу, дээрэнгүй байна уу даа. Барьж хорих ямар шалтгаан үндэслэл байсан юм бол, гадуур шалгачихаж болоогүй юм болов уу. Ц.Гарамжав бол 60 гарч яваа, гэмт хэрэг үйлдчихээр хүн биш. Энэ бүхнийг бид эргэж харах ёстой юм болов уу. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр бизнес хийж байгаа хувийн хэвшлийнхнийг нэг л өдөр барих вий гэдэг айдаст автуулж байна. Хүний эрхийн асуудал мөн яригдаж байна. Хэнийг бариад, хэнийг барьдаггүй юм бэ гэсэн асуулт нийгэмд бий боллоо. Энд онцгой анхаарах хэрэгтэй" гэв.


ҮЗЭХ: