Г.Гэрэлтуяа: УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн /ВИДЕО/

Г.Гэрэлтуяа: УИХ-ын гишүүн С.Ганбаатарт Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн /ВИДЕО/

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "яллах дүгнэлт"-тэйгээ танилцахгүй байгаа учир түүнийг прокурорын мэдэгдэх хуудсаар албадан ирүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах албаны хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр "УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэрэгт мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн наймдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн. Прокурорын байгууллагаас хэргийг хянаж үзээд, мөрдөгчийн санал үндэслэлтэй байна гэж үзээд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих, Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Мөрдөх байгууллагын зүгээс яллагдагч С.Ганбаатарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тэрбээр мэдрүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө гэсэн байдаг. Ингээд мөрдөх байгууллагаас прокурорын яллах дүгнэлтийг танилцуулахаар олон удаа дуудсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Мөн прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан ч хүрэлцэн ирээгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд гурван удаа хүргүүлсэн ч мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос прокурорын шийдвэрийг танилцуулах зорилгоор 2025 оны есдүгээр сарын 19-ны өдөр хуулийн дагуу дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдээд түүнд хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу мөрдөх байгууллагаас прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажиллагааг хэрэгжүүлж, өнгөрсөн баасан гарагт энэ ажиллагаа явагдсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагддаг ажиллагаа. 

Хуулийн дагуу яллагдагч яллах дүгнэлттэйгээ танилцаж, гарын үсэг зураг ёстой. Яллагдагч С.Ганбаатар яллах дүгнэлттэйгээ танилцсаны дараа түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ. С.Ганбаатарт холбогдох хэрэг яллах дүгнэлтийг гардуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэдэг нь дараагийн шатны ажиллагаа" гэдгийг тодотголоо.