Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болж, улмаар эрэн хайх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа.
Мөн үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас сураггүй алга болоод буй хүүтэй холбоотой мэдээллийг хуулийн дагуу худалдан авч, мэдээллийг чандлан хадгална гэдгээ мэдээлээд буй. Харин тус мэдээлэлд хавсаргасан хүүгийн зургийг сураггүй алга болсон хүүгийн зураг мөн биш, таван жилийн өмнө уг зургаар хүүг эрэн сурвалжилж байсан гэх мэдээллүүд цахим орчинд тархаад буй.
Тэгвэл уг асуудлыг газар дээрээс нь сурвалжлан олон нийтэд мэдээлж буй tsahiur.mn мэдээллийн сайтын сэтгүүлч сураггүй алга болсон хүүгийн зургийн талаар ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн цагдаагийн ахмад Д.Чингэлээс тодруулсан байна. Тэрбээр "Цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хаягт нийтэлсэн энэхүү зургийг сураггүй алга болсон хүүгийн ар гэрээс Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт өгсөн" гэдгийг тодотгожээ.